СЭТГЭЛ САНАА болон бие махбодийг амраах ШИЛДЭГ АРГУУД

Хавар болж бие нозоороод хичээл хийх хүсэлгүй, сэтгэл санаа ч гэсэн тогтворгүй болж байна уу. Сэтгэл санаа болон биеийг амраах дараах дасгалуудыг туршаад үзээрэй. Чамд тус болох болно. wink

СЭТГЭЛ САНААГ АМРААХ ДАСГАЛУУД

Аажуухан хэр нь гүнзгий амьсгаа ав. Тэгээд мөн алгуурхан гарга. Үүнийг таван амьсгалын давтамжаар дундаа завсарлаад гурван удаа хийгээрэй.
Ваннд дүүргэсэн бүлээн усанд орох. Орой унтахаасаа өмнө үүнийг туршвал бүр ч сайн. Ингэхдээ банны бөмбөлөг, хөөс, давс ашигласан ч болно.
Дуртай дуугаа сонсох. Гэртээ ганцаараа байхдаа эсвэл чихэвчээрээ дуртай дуугаа сонсоод хэсэг алхаарай. Гэхдээ сэтгэл санааг бүр тогтворгүй болгох, өөрт хэт “мэдрэг” дуунуудыг аль болох сонсохоос зайлсхийгээрэй.


Бясалгал хийх. Бидний өмнө нь хүргэсэн оддын сэтгэлзүйн талаарх мэдээлэлд тэдний зарим нь бясалгалын аргаар сэтгэлийн зовиураа давж гарсан байсан шүү дээ. Толгойнд эргэлдэх эмх цэгцгүй их бодлыг бясалгалын тусламжтайгаар төвлөрүүлж, тархийг амраахад тус болдог. Тайван амгалан орчинд өөрийнхөө биеийг чагнаж, амьсгалыг мэдрэх нь тархи, толгойг амраах хамгийн шилдэг арга юм.


Бичих. Зарим хүн өөрийн мэдрэмжүүдээ цаасан дээр буулгадаг. Энэ нь тэдний дотор байсан асуудал бүхий зүйлс гадагшилсантай ялгаагүй юм. Нэг ёсондоо энэ нь өдрийн тэмдэглэл юм. Эсвэл бичих дургүй бол зураг зурсан ч болно.


Төсөөллийг ашигла. Бидэнд ямар азаар ухаант уураг тархийг бурхан заяасан юм бэ. Учир нь бид төсөөллийнхөө ачаар хүссэн зүйлээ, дуртай газраа өөрсдийн оюун бодолдоо дүрсэлж чадна. Дээр өгүүлсэн бясалгалын үед ч үүнийг ашиглаж болно. Элсэн манхан, далайн эрэг, уулын орой, хөдөө хээр талд гээд чи өөрийнхөө очихыг хүсэж байгаа тэр л газартаа байна гэж төсөөлж бодоорой.

 

БИЕ МАХБОДИЙГ АМРААХ ДАСГАЛУУД

Йога хийх. Үүнийг зөвхөн охид, эмэгтэйчүүд хийдэг гэж бүү бодоорой. Эрэгтэйчүүд ч мөн хийдэг юм шүү. Сонирхуулахад, дэлхийн ихэнх мундаг йогын багш нар эрэгтэй байдаг. Заавал сургалтад хамрагдалгүй интернетээр, ютүб хичээлээс сурч болно.


Эрчимтэй дасгалуудыг хийх. Дасгал хийснээр улам ядарна гэж зарим хүн боддог. Үгүй юм, харин ч эсрэгээрээ бие сэргэдэг. Биеийн тамираар тэр бүр хичээллэх цаг зав гардаггүй болон ихэвчлэн ширээний ард цагийг өнгөрүүлдэг бол чамд энэхүү арга тус болно. Эрчимтэй гүйх, дугуй унах, суниах, дээс тоглосноор биеийн цусны эргэлт сайжирч сульдахаа болино. Гэхдээ дасгал хийсний дараа хүйтэн бүлээн шүршүүрт орвол бүр ч үр дүнтэй.


Алхах. Гадаа дулаарч байгаа тул аль болох алхахыг илүүд үзэж бай. Өөрийн дуртай хөгжмөө сонсох эсвэл англи хэлний сонсох даалгаврыг энэ зуур давтаж болох том боломж юм.


Харилцан массаж хийх. Гэр бүлийнхээ нэг гишүүн эсвэл найзтайгаа хамт бие биедээ массаж хийж өгөөрэй.
Бүлээн унд уух.  Хүйтэн ундаа, цай, уснаас илүүтэй гаатай цай, бүлээн сүү гээд халуун бүлээн унд уухыг хичээж байгаарай.  Энэ нь биеийн дархлааг сайжруулахаас гадна биеийн ядаргааг тайлдаг.


Унтаж амрах. Мэдээж хангалттай сайн унтаж амрах хэрэгтэй. Өсөлтийн насан дээрээ байгаа хүүхэд унтаж байхдаа өсөх үйл явц илүү их байдаг гэдэг. Тиймээс боломжтой бол өдрийн унтлагыг хэвшүүлсэн ч болно. Унтсанаар толгойд элдэв бодол эргэлдэхгүй, байсан ч унтаад босоод ирэхэд жаахан ч гэсэн мартагдсан байх вий.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.176.228)