"Атомэкспо 2019" форум Сочи хотод болж байна
ОХУ-ын төрийн өмчит Росатом корпорациас 11 дэх удаагаа зохион байгуулж буй "Атомэкспо 2019" форум Сочи хотын Медиа төвд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Дэлхийн томоохон хэмжээний энэхүү цөмийн технологийн үзэсгэлэн, хуралд 74 орны 4000 орчим төлөөлөгч оролцож, олон улсын 290 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан сурвалжилж байна.
Оролцогчдод зориулж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илгээсэн мэндчилгээндээ “Цөмийн технологи нь өнөөдөр анагаах ухааны хөгжил, сансар огторгуй судлал, мөсөн туйлыг эзэмших зэрэгт шинэ боломж өгөөд зогсохгүй, дэлхийн эдийн засгийг бэхжүүлэх эрчим хүчний суурь болж байна” хэмээн онцлов.
"Атомэкспо 2019" зохиож байгаа ОХУ-ын Сочи хотын "Медиа Центр"-ийн 13 000 шоо метр талбайд Япон, Хятад, Солонгос, Орос зэрэг улсын цөмийн технологийн томоохон компаниуд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулав. Мөн форумын хурал хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалтуудад 20 гаруй орны Ерөнхий сайд нар оролцож байгаа юм.
“Цөмийн технологийн дэвшлийн үр шимийг ямар нэг байдлаар огт хүртээгүй, амьдралд нь нөлөөлөөгүй хүн өнөөгийн дэлхий ертөнцөд огт байхгүй биз ээ. Тиймээс бид 11 дэх удаагийн "Атомэкспо 2019" форумыг цөмийн технологийг хэрэглэж сайхан амьдралыг бүтээе уриатай зохион байгуулж байна. Форумын цар хүрээ тэлж, оролцогчдын тоо жилээс жилд нэмэгдэж, оролцогч улс орон, зочид төлөөлөгчдийн тоо эрс нэмэгджээ. Цаашид, "Атомэкспо"-г бид жил бүр биш, харин хоёр жилд нэг удаа зохион байгуулах болно” гэж Росатом корпорацийн ерөнхий захирал Алексей Лихачев мэдэгдлээ.
"Атомэкспо 2019" форумд Монгол Улсаас Цөмийн энергийн комисс, Улсын нэгдүгээр эмнэлгийн Цөмийн оношилгоо эмчилгээний тасгийн төлөөлөгчид оролцож байна.