Бямба гарагийн их цэвэрлэгээнд идэвхтэй оролцоорой
Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба энэ сарын 20-ны бямба гарагт “Их хотын их цэвэрлэгээний 90 минут” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээ зохион байгуулна.
Цэвэрлэгээг нийслэл даяар 11 цагт эхлэн, иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.
Энэ талаар УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр, хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны удирдлагууд өнөөдөр мэдээлэл өглөө.
УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун, “НМХГ улсын байцаагч нарыг ажиллуулж цэвэрлэгээний үеийн хяналт шалгалт хийнэ. Нийслэлийн харьяа газар, хэрэгжүүлэгч агентлаг гээд 80 гаруй байгууллагын ажилтан албан хаагч Туул, Дунд гол дагуу, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албад хуваарийн дагуу ногдсон талбайгаа цэвэрлэнэ. Иргэд ААН, байгууллагууд ойр орчмын хог хаягдал, гудамж талбайгаа цэвэрлэх ёстой” хэмээв.
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны гүйцэтгэх захирал П.Цэндмаа, “Өнгөрсөн 2018 онд зохион байгуулсан их цэвэрлэгээний үеэр манай холбооны гишүүд нийслэлийн хэмжээнд 10 байршилд нийт 8 тонн дахин боловсруулах хог хаягдлыг худалдаж авсан. Энэ жил 9 дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлын урамшуулалтай үнээр худалдаж авна. Бид нийт 15-20 тонн дахин боловсруулах хог хаягдал худалдаж авахаар төлөвлөөд байна” хэмээлээ.
“Бүх нийтийг хамарсан их цэвэрлэгээ зохион байгуулах бүрт ТҮК-ийн Зам талбайн үйлчлэгч нар маань цэвэрлэдэг. Иргэд, ААН-үүдэд уриалга хүргүүлдэг боловч оролцоо хангалтгүй байдаг. Өнгөрсөн 2018 оноос иргэд ААН-үүдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс “Их цэвэрлэгээний 90 минут” уриалгыг дэвшүүлсэн. Иргэд ААН-үүддээ их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцохыг уриалж байна” хэмээн УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр ярилаа.
Цэвэрлэгээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт 55 албан хаагч, НМХГ-ын нийт улсын байцаагч нар хяналт тавьж ажиллах тул нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй оролцохыг уриаллаа.