Говьсүмбэр аймагт “Уран үгсийн чуулган” боллоо

Монголын Зохиолчдын эвлэлийн 90 жилийн ойг угтсан арга хэмжээний нэг “Уран үгсийн чуулган” Боржигины голомт гэгддэг Говьсүмбэр аймагт нэгдүгээр сарын 04-нд боллоо.

Зохиолч уран бүтээлчдийг уншигч олонтой уулзуулж утга зохиол, яруу найраг, соёл, өв уламжлал, зохиолчдын намтар хийгээд сонин содон адал явдал, уран бүтээл, гэгээлэг бүхний тухай халуун яриа өрнүүлдэг дээрх арга хэмжээг энэ удаа Дорноговь, Говьсүмбэр аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилсан “Их соёл-Их үндэс” хөтөлбөрийн хүрээнд Монголын Зохиолчдын эвлэл, Говьсүмбэр аймгийн ЗДТГ,МҮОНТ, Монголын Үндэсний номын сан хамтран зохион байгуулсан байна.

Нийслэлээс ганзага нийлсэн зохиолчид хөтөлбөрийн дагуу гурван хэсэг хуваагдаж  Баянтал, Шивээ Овоо, Сүмбэр сумын иргэд, утга зохиолын садан төрлүүдтэйгээ уулзаж шүлэг найргаа дуудаж, өгүүлэл зохиолын дээжээс хүргэсэн юм. Мөн зохиолчид Чойр өртөөний төмөр замын хүлээлгийн танхимд “Номтой галт тэрэг” үйл ажиллагаанд оролцжээ.

Зохиолч уншигчдын уулзалтад ардын уран зохиолч Т.Галсан, Ардын уран зохиолч Б.Догмид,төрийн соёрхолт, “Болор цом” наадмын  тэргүүн байрын шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж, СГЗ, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазар, СГЗ, яруу найрагч Г.Аюурзана, СГЗ, яруу найрагч, Ай.Төмөр-Очир, СГЗ, яруу найрагч  Х.Чилаажав, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн, зохиолч Жа.Баяржаргал,  Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн,   яруу найрагч Б.Галсансүх, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Ц.Буянзаяа, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом”-ын эзэн,   яруу найрагч  Б.Ичинхорлоо, МЗЭ-ийн шагналт, зохиолч Б.Сарантуяа, МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Н.Гантулга,МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн,  яруу найрагч Ц.Эрдэнэбаатар, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч М.Билэгсайхан, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-аюуш, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Н.Минжинсайхан зэрэг олон уран бүтээлчид оролцлоо.

Түүх сөхөхөд "Уран үгсийн чуулган буюу зохиолч уншигчдын уулзалт анх 1969 онд Баянхонгор аймагт болж байсан бөгөөд 1977 оноос МЗЭ-ийн бүгд хурлаар хөдөөгийн бүх дугуйланг Утга зохиолын нэгдэл болгон өөрчилж  1990-ээд он хүртэл  аймгуудад ээлжлэн зохион байгуулж байжээ. Харин энэ уламжлалыг 2013 оноос дахин сэргээсэн байна. Дашрамд дурдахад "Боржигин голомт-Болор цом-36" яруу найргийн наадам энэ оны нэгдүгээр сарын 05-нд Говсүмбэр аймгийн төв Сүмбэр сумын  "Боржигин" чуулгад эхэлнэ. 

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.216.196)