Юу хүсч байгаадаа ЭРГЭЛЗЭХ ҮЕ байдаг бол…

Хүнийг насан туршид нь салахгүй дагалдаж явдаг зүйлүүдийн нэг яах аргагүй хүний сонгосон, эзэмшсэн МЭРГЭЖИЛ. Мэргэжил нь хүний идэх талхаа олоход тусалдаг, өргөн хүрээгээр аваад үзвэл нийгмийн амьдралд, хүмүүсийн тусын тулд байхад зориулагдсан зүйл юм. Хүний хийж чадах зүйл дээр суурилсан чадварын цогц бол мэргэжил. Мэргэжилдээ дур сонирхолтой, авьяас чадвартай хүмүүс хамгийн их амжилт, бүтээл туурвил гаргадаг. Үүнийг практик харуулж чадсан. Тэр хэрээрээ нийгмийн амьдралд ч хамгийн үр бүтээлтэй хүчирхэг бие хүн байж чаддаг.

Сонирхолгүй, хүсээгүй ажил, мэргэжилдээ хүн өөрөө хичнээн зүтгээд ч өндөр амжилт олох нь бага байдаг. Мэргэжил сонгох гэдэг шууд шийдчих амар хялбар ажил биш ээ. Өөрийнхөө сэтгэл зүй, бие физиологи, оюун ухаан, сэтгэн бодох чадвар гээд олон зүйлээ нарийн тооцоолж байж шийдэх амьдралын чухал сонголт юм. Үүнийг мэргэжилд тэнцэх чанарын судалгаагаар тодорхойлдог.

Энэ нь тухайн мэргэжлийг эзэмших гэж буй хүн энэ мэргэжлээрээ цаашид өсөж хөгжих, өөрийгөө хөгжүүлж чадах эсэхэд гол анхаарлаа хандуулдаг. Мэргэжил хувь хүний хөгжилд давамгайлах байр суурь эзлэх бие хүн болох үйл явцад эерэгээр нөлөөлж байж гэмээнэ хүн өөрийнхөө мэргэжилд дуртай, сэтгэл хангалуун байж чадварлаг боловсон хүчин болдог. Мэргэжилд хандах хандлага хүүхэд насанд 3-4 удаа өөрчлөгдөж, солигдож болдог.

Тийм учраас зарим үед юу хүсээд байгаадаа өөрөө эргэлзэх үе олон байдаг үүнд дараах хүрээлэл, хүчин зүйлс нэлээд нөлөөлдөг. Мэргэжил сонгоход хүн дөрвөн замын бэлчир дээр ирж зогсдог. Хувийн сэтгэл зүйн хүчин зүйл /өөрийн сонирхол хүсэл, эрмэлзлэл/

1. Найз нөхөд, хамт олны нөлөөлөл, даган дууриалт

2. Гэр бүл, ээж аавын хүсэлт, шаардлага

3. Нийгмийн хэрэгцээ гэсэн сонголтуудтай нүүр тулгардаг. Олон мэргэжил олон сонголтууд дундаас өөртөө хэрэгтэй өөрийнхөө чадна гэж бодсон зүйлд хүчээ сорьсон нь дээр. Энэ нь идээдүйн амьдралын баталгаа болж өгдөг.

Мэргэжил сонгохдоо өөрийнхөө сэтгэл зүйн дараах байдлуудыг анхаарвал зохино.

· Аливаа зүйлийг тооцоолох чадвар
· Авьяас чадвар
· Шийдвэр гаргалт
· Сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж
· Темперамент /зан араншин/
· Хувь хүний хөгжлийн онцлог
· Хэрэгцээ
· Хүсэл сонирхол, хобби
· Сэдэл
· Чиг хандлага
· Зан төлөв
· Зоригийн үйлдэл

Эдгээр нь сонгох, эзэмших гэж байгаа мэргэжлүүдэд өндөр нөлөө үзүүлдэг, ач холбогдолтой. Ер нь эзэмших гэж байгаа уг мэргэжлийнхээ чадварууд дээрээ тулгуурлан мэргэжлээ сонгож, өөрийнхөө авьяас чадвар нөөц бололцоогоо илрүүлэн гаргасан цагт тухайн салбартаа тэргүүлэгч нь байж чадна.

Мэргэжлийг хөдөлмөрийн онцлогоор нь үндсэн 5 бүлэг болгон авч үздэг

1. Хүн-Хүн. Энэ тогтолцоонд хүн-хүнтэйгээ, нийгмийн бүлэг, хамт олонтой өдөр тутамдаа харилцдаг салбарынхан ордог. Мэргэжлийн гол обьект нь хүн, хүмүүсийн харилцаа Сэтгэл судлаач, эмч, багш, нийгмийн ажилтан, сэтгүүлч, хуульч, менежер, гоо сайханч, үсчин, олон нийттэй харилцах ажилтан, хүний нөөцийн ажилтан, сурталчилгааны мэргэжилтэн зэрэг ордог.

2. Хүн-Байгаль. Өдөр тутмын амьдрал нь байгальтай харилцах харилцаагаар илэрдэг. Тухайлбал ургамал судлаач, амьтан судлаач, агрономич, малын эмч, ой судлаач, байгаль хамгаалагч, байгалийн шинжээч-эрдэмтэн, экологич гээд сүүлийн үед нилээд хүчээ аваад буй мэргэжлийн салбарууд ордог.

3. Хүн-Техник. Хөдөлмөрийн гол хэрэгсэл нь техник, тоног төхөөрөмж байдаг. Энэ мэргэжлийн салбарт төрөл бүрийн инженерүүд, цахилгаанчин, инженер-механик эмнэлгийн техникч, нисгэгч, техникч зэрэг орно.

4. Хүн-Тэмдэгтийн тогтолцоо. Энэ мэргэжлийн салбарт гол обьект нь дохио, тэмдэгийн хэл, код, тоо, томъёо ордог. Хүнээс хурд, шийдвэр гаргалт шаардсан мэргэжлийн салбар юм. Үүнд: нягтлан бодогч, химич, математикч, эдийн засагч, физикчид ордог.

5. Хүн-Уран сайхны дүр. Урлаг, уран сайхан, кино, энтертайменттай холбоотой бүхий л мэргэжлүүд ордог. Бүжигчин, дуучин, зураач, зохиолч, шоу менежер, дизайнер, хөгжимчин. Хүний мэргэжилдээ хандах хандлага тогтсон хандлага /стериотип/ их хэмжээгээр нөлөөлдөг. Тухайлбал: мэргэжлүүдийн гадаад үзэмж, имидж мэргэжил сонгох гэж байгаа хүүхдүүд ихэд анхаардаг. Энэ имидж нь тухайн мэргэжлийн ур чадвараас өөрөөр хүртэгддэг.

Тиймээс тухайн мэргэжлийн ур чадварыг эхлээд анхаарах хэрэгтэй. Тухайлбал: сэтгүүлч мэргэжил эзэмших гэж буй хүүхдүүд зөвхөн хүнээс ярилцлага авдаг төдийгөөр, эмчийг гоё, цэвэрхэн хувцасладаг, сайхан эмэгтэй гэж боддог бол, менежерийг дандаа завгүй байдаг, яаруу хүнээр төсөөлдөг. Энэ бол бидэнд суучихсан байдаг тогтсон хандлага юм. Өөрийнхөө хоббиг мэргэжлээ, хоббигоо мэргэжлээ болгоорой.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.66.104)