Нохойтой болохоор шийдсэн үү?

Хичээлээсээ тараад ирэхэд чамайг жигтэйхэн их санасан нэг амьтан угтаж байна гэдэг сайхан. Түүний хувьд чи үнэт зүйл нь бөгөөд тэр чамд үхэн үхтлээ үнэнч байж чадна.

Тэр бол нохой гэдэг дөрвөн хөлт, үсэрхэг найз билээ. Ганцаардах үед хань болж, уйдах үед хамтдаа хөгжилддөг сайн найз шиг амьтантай болохоор шийдсэн бол чи дараах хэдэн зөвлөгөөг мэдээд авчихсан байхад илүүдэхгүй шүү.

  Нэн түрүүнд эцэг эхийн зөвшөөрөл хэрэгтэй

Хамгийн эхэнд эцэг эхийн зөвшөөрөл хэрэгтэй. Аав чинь чиний бодлыг дэмжих ч ээжийн эсэргүүцэлтэй тулгарахыг үгүйсгэхгүй. Тэр “Надад л ажил нэмэх гэлээ” гэхчлэнгээр хандаж магадгүй. Гэхдээ чамд боломж байгаа. Яагаад гэвэл аав дэмжиж байгаа шүү дээ. Түүнийг ятгахад чи хамтрагчтай л гэсэн үг. Ээждээ амлалт өг, хэр сайн хүү, охин байхыг харуулах боломж өгөхийг түүнээс гуй. Хэрэв хоёул дургүйцэж байвал чи тэдэнтэй сайтар ярилц. Өөрсдөд нь ямар ч төвөг удахгүйгээр арчилж тордон, өсгөнө гэдгээ ойлгуул. Мэдээж нохойтой болсны дараа хэлсэн амандаа хүрэхээр зайлшгүй хичээх хэрэгтэй. Эсвэл найзынхаа нохойг гуйж гэртээ нэг хонуулж тэдэнд нохой гэдэг амьтан хэчнээн эгдүүтэй болохыг нь мэдрүүлсэн ч болно.
 Бүх хариуцлага чиний гарт гэдгийг санаарай

Чиний хүсэл биеллээ. Өхөөрдөм хөөрхөн бяцхан гөлөгний эзэн нь гэсэн нэр зүүсэн цагаасаа эхлэн хариуцлага гэсэн зүйлийг мөн давхар авч явах хэрэгтэйг санаарай. Гэрт хүссэн газартаа бие засах, шүд нь загатнаад ханын цаас, ээжийн туфлийг зажлах ч энүүхэнд. Тэр болгонд нь хүлээцтэй байж, эцэг эхдээ өгсөн амлалтаа санаж хүсэн хүлээж авсан найзтайгаа сайн тулж ажиллах хэрэгтэй. Энэ нь цаг үргэлж загнан зандарч, гар хүрнэ гэсэн үг биш юм шүү. Түүнд зориулах цагийг ихэсгэх хэрэгтэй юм. Нохойн арчилгаа, асаргааны талаар ном товхимол, мэдээ мэдээлэл унш. Мөн чи зодооны төрлийн нохой тэжээх хүсэлтэй байгаа бол ирээдүйд гарч болзошгүй сөрөг үр дагавар зэргийг маш сайн бодож, ойр дотныхонтойгоо ярилцах хэрэгтэй. Хэрэв чиний нохой хошуувчгүй, уяа оосоргүй сул явснаас үүдэж хүн рүү дайрвал чи хуулийн хариуцлага хүлээнэ гэдгийг санаарай.

 Багадаа арчилгаа их шаардах ч нас биед хүрээд багасдаг
Вакцинд хамруулах, гадаа салхилуулах, хоолыг нь тогтмол цагт тааруулж өгөх гээд багагүй ажил чамд нэмэгдэнэ. Шүдний загатнаанд зориулсан бөмбөг, тоглоом, нохойн жорлон, шампунь, хоол гээд бүхий л хэрэгслүүд нь амьтны дэлгүүрүүдээр худалдаалдаг. Мөн худалдагч нь чамд зөвлөгөө өгөх хэмжээний мэдлэгтэй учир мэдэхгүй зүйлсээ асууж бай. Гадагшаа олон цагаар явахаар бол гөлгөн нохойг уясан нь дээр. Учир нь эргээд ирэхэд гэрт чинь бөмбөг дэлбэлсэн мэт байх магадлал 100 хувь гэсэн үг. Нохой ер нь хүн шиг, бага балчиртаа их хөдөлгөөнтэй, сахилгагүй байдаг бол нас нэмэхээрээ намба тогтдог амьтан юм.
 

 Нохойгоо нийгэмшүүлээрэй
Нохойтой болохыг тоглох тоглоомтой болж байгаатай адилтгаж огтхон ч болохгүй. Тэр бол амьд амьтан төдийгүй түүнд гэр бүлийн гишүүнээс өөрцгүйгээр хандах хэрэгтэй. Тиймээс гадаа гаргаж танихгүй хүмүүстэй уулзуулж, ноходтой тоглуулж бай. Гадаа ховор гардаг, гадны хүнтэй тэр болгон таарч байгаагүй нохой зожигдуу, бүр хүн рүү дайрдаг зантай болдог. Тиймээс түүнд нийгэмших боломжийг нь олгож гадуур хамт дагуулан явж бай. Фэйсбүүк дэх нохой сонирхдог хүмүүсийн нэгдсэн группт идэвхтэй байж уулзалт цуглаанд очиж байхад илүүдэхгүй юм.
 Нохой чинь чиний давуу тал болно
Нохойтой байна гэдэг нь чи нохойгүй нэгнээс илүү давуу талтай. Тэр чиний үнэнч найз, гадуур дагуулаад явахад бие хамгаалагч, хөндлөнгийн нэгэн танихгүй охинд/хүүд нохойтой нэгэн маш сонирхол татам харагддаг. Магадгүй нохойныхоо тусламжтайгаар найзын хүрээгээ тэлэх боломжтой юм. Учир нь нохой сонирхогчдын уулзалт цуглаан олон болдог бөгөөд та хоёр ч хамрагдах боломжтой юм. Эцэст нь чи өөрөө бүгдийг нь амжуулж чаддаг болсон цагт (хоолыг нь өгөх, салхилуулах, арчилж тордох г.м) гэрийнхэн чинь хүртэл түүнд дасч гэр бүлийн нэгэн гишүүн шиг хүлээж авах болно. Эс бөгөөс эцэг эхээсээ өвдөг сөгдөн шахам гуйж авсан тэр бяцхан амьтныг арчилж тордох асуудлаас болж шантран өөр хүнд үрчлүүлж огтхон ч болохгүй юм. Өнөөдрийн жижиг бэрхшээлийг давчихвал та хоёрын нөхөрлөл цаашдаа гайхалтайгаар үргэлжлэх болно гэдгийг санаарай.
 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.16.51.237)