Од эрхэстэй танилцаж, онгоцоор нисмээр байна уу?
Манай дэлхийтэй хамгийн ойр орших одыг бид нар гэж нэрлээд хэдэн мянган өнгөрсөн юм бүү мэд. Жилийн яг энэ үед хамгийн урт өдөр, богино шөнө тохиож, сансар судлаачдын хувьд албан ёсоор зуны улирал эхэлдэг.
Харин цаг уурчдын хувьд гурван долоо хоногийн өмнө зуны улирал эхэлсэн. Энэ бүхэн тийм ч чухал биш. Хамгийн гол нь дэлгэр цаг ирж, таны амралт эхлэх гэж байна. Магадгүй амралтаа авчихсан, эсвэл авах арай болоогүй байж болох юм.
Тэгвэл зун амралт нь эхэлчихсэн байгаа чамд тохиромжтой, цаг хугацааны хувьд, мөнгө санхүүгийн хувьд тун боломжийн бяцхан аяллын маршрутыг санал болгоё.
Эхлээд машиндаа суугаад...
ХИЙМЭЛ ЭСВЭЛ ЖИНХЭНЭ:
Хотоос гарахгүйгээр од эрхэстэй танилцаж болох хоёр газар Улаанбаатарт бий. Нэг нь Жуковын музейн хойд зүгт байрлах Астропарк, нөгөө нь Баянзүрхийн товчооноос урагш орших Хүрэл тогоот одон орон, геофизикийн судалгааны хүрээлэн.
Астропаркын хувьд өдрийн аль ч цагт шөнийн тэнгэрийг харж, огторгуйн тухай сонирхолтой бичлэг үзэж, Монголын анхны сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн нэрэмжит музейг сонирхож болно.
Магадгүй түүнтэй тааралдаж, сайхан буу халах ч юм бил үү.
Харин Хүрэл тогоотод та од эрхсийг жинхэнэ дурангаар үзнэ. Зуны улиралд үүрийн цайхаас өмнө Буд, Сугар гаригууд тод харагддаг бол долдугаар сард үдшийн цагаар Санчир, Далай ван, Тэнгэрийн ван гаригууд тод харагддаг.
Хүчирхэг дуран авайгаар энэ гаригуудыг бараг атгаад авмаар ойрхноос харах бөгөөд зөвхөн зургийг нь л харж байсан бол дурангаар харах шиг гайхалтай зүйл байхгүй гэдгийг батлан хэлье. Хамгийн гоё нь сарыг дурандах үе. Тэргэл сартай ч бай, хавирган сар ч бай 300 дахин томруулж харна гэдэг атгах биш бүр тэврээд авмаар тод харагдана.
Зөвхөн шөнийн тэнгэр гэлтгүй өдрийн цагаар дэлхийд хамгийн ойр орших од буюу нарыг тусгай дурангаар харж болно.
АСТРОПАРК:
Цагийн хуваарь: Даваа-Бямба | 10:00-16:00
Холбогдох утас: 11-480292
Тасалбарын үнэ: 3000 төгрөг
ХҮРЭЛ ТОГООТ:
Цагийн хуваарь: Утсаар ярьж цаг авна
Холбогдох утас: 8505 0577
Тасалбарын үнэ: 7000 төгрөг
Дахиад машиндаа...
За од эрхэстэй танилцчихсан уу? Хүрэл тогоот руу өглөө эрт очсон бол өдрийг өөр сонин зүйл хийж өнгөрүүлэх арга хотоос холгүйхэн байна. Хэрвээ шөнийн тэнгэрийг тольдсон бол санаа зоволтгүй гэртээ харьж унтаад дахиад явж болно шүү дээ.
ХӨХ ТЭНГЭРТ ХҮСЛЭЭРЭЭ:
Хүн төрөлхтөн аль эртнээс л тэнгэрт байгаа шувуудтай адил эрх чөлөөтэй дүүлэн нисэхийг хүссээр ирсэн. Өмнө нь хүрч байгаагүй учраас бурхныг тэнд байгаа гэдэгт итгэсэн. Харин одоо хүссэн хүн бүр тэнгэрт нисдэг болжээ.
Дараагийн зогсоол Цонжин Болдог, Нислэг төв. ХӨХ ТЭНГЭРТ ХҮСЛЭЭРЭЭ хэмээх сайхан уриатай хойд өргөрөгийн 47 градус 48 минут, дорнод уртрагийн 107 градус 34 минутад орших Нислэг төв танд бага зардлаар багын мөрөөдлөө биелүүлэх боломж олгоно.
Магадгүй та онгоцоор нисэж л байсан байх. Гэхдээ хэт хөнгөн онгоцоор ниснэ гэдэг тэс өөр. Дээвэргүй, задгай учраас үнэхээр шувуу мэт нисэх мэдрэмж төрнө. Монгол Улсын Гавьяат нисгэгч Т.Сугарын нэрэмжит Хөнгөн онгоцны хөгжлийн “Нислэг төв”-д хоёр төрлийн нисэх төхөөрөмж бий.
Нэг нь Автожир буюу онгоц шиг хөөрч, нисдэг тэрэг шиг газарддаг дээрээ сэнстэй, ардаа хөдөлгүүртэй хоёр хүний суудалтай нисэх төхөөрөмж. Нөгөө нь Дельталёт буюу дээрээ далавчтай, хөдөлгүүр, тэргэнцэр бүхий дельтаплан.
НИСЛЭГ ТӨВ:
Үнэ: Нислэгийн хугацаанаас хамаарч 50,000 төгрөгөөс эхэлнэ
Гэр, байшин/хоногийн – 80,000 төгрөг
Утас: 99045965 / 99195965
Зун дөнгөж эхэлж байгаа учраас хамгийн богино хугацаанд, зардал багатайгаар хотоос 100 хүрэхгүй километр дотор хийж болох олон зүйлсийн нэг нь энэ юм. Одон орны хүрээлэнд зочилж, онгоцоор нисэхэд нийлээд 53,000-57,000 төгрөг болно. Түүнчлэн өглөө эрт Хүрэл тогоот ороод өдөр нь Цонжин Болдогт нисээд, орой гэхэд гэртээ унтаж байж ч болохоор хялбар маршрут.
Харин чи дулаан хувцас, халуун цайгаа битгий мартаарай, шөнө, үүрийн цагаар од харахад, тэнгэрт нисэхэд аль алинд нь сэрүүхэн шүү.
Дараагийн удаад бид та бүхэнд мөн л хотоос холгүйхэн, гэхдээ бүх экстрим спортыг нэг дор сонирхох аяллын тухай хүргэх болно. Амралтаа сайхан өнгөрүүлээрэй.