Шилжилтийн насанд гарах бие физиологийн өөрчлөлтүүд

Шилжилтийн насны үед  эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн бие физилогид гарах өөрчлөлтүүд

Шилжилтийн нас гэдэг нь хүүхэд ахуй үеэс нас бие гүйцэж том хүн болох завсрын үе юм. Энэ үед хүний бие бялдар, сэтгэл зүйн хувьд олон  өөрчлөлт гарахын зэрэгцээ, эдгээр өөрчлөлтүүд нь тархины эд эсийн хөгжлийг гүйцэж, тэндээс ялгарах дааврын нөлөөгөөр эрэгтэй,эмэгтэй хүний бэлгийн булчирхайн үйл ажиллагаа идэвхжиж , бэлгийн бойжилд гүйцэж, хүн нөхөн үржих чадвартай болно. Хөвгүүдийн төмсөг, охидын өндгөвчийг бэлгийн булчирхай гэнэ. Өндгөвчнөөс боловсрон гарах дааврыг прогестерон, эстроген, төмсөгний дааврыг тестостерон гэнэ.

 

ШИЛЖИЛТИЙН НАСНЫ ОХИДОД ГАРАХ ӨӨРЧЛӨЛТҮҮД 

Охидын шилжилтийн нас ихэвчлэн 12-15 наснаас эхэлдэг бөгөөд энэ үед  гардаг өөрчлөлтүүд нь өнчин тархины боловсруулсан дааврын нөлөөгөөр, эмэгтэй хүний бэлгийн булчирхай болох өндгөвчнөөс ялгарах эм бэлгийн дааврын хэмжээ ихэссэнээс  шалтгаалдаг. Охидын шилжилтийн насны өөрчлөлт нь биений юм ирэх, хөх ургах, үтрээ болон өндгөвчний хөгжил гүйцэх зэргээр илэрдэг.

Хөх ургах: Энэ үед хөх болон хөхний толгой томорч эхэлдэг. Хөх ургаж эхлэхдээ эмзэг байдаг. Аль нэг талын хөхний толгой томорч, хэн нэгэн санамсаргүй хүрэхэд эмзэглэдэг. Нэг тал нь яагаад ургахгүй байгаа юм бол, яагаад өвддөг юм бол гэж зарим охид айх явдал байдаг, үүнд айх хэрэггүй аажимдаа хоёр хөх хэмжээгээрээ ижил болдог.  

Биений юм ба түүний  мөчлөг: Эмэгтэй  хүний  үтрээнээс  тодорхой  хугацааны мөчлөгтэйгөөр цус  гадагшлахыг "сарын  тэмдэг" буюу "биений  юм ирэх" гэнэ. Биений юм ирэх нь тархи, өндгөвч, умайн харилцан уялдаатай үйл ажиллагаагаар зохиоцуулагддаг физиологийн хэвийн үйл явц юм.

Биений юм ирсэн эхний өдрөөс дараагийн биений юм ирэх өдөр хүртэлх хугацааг "биений юмний мөчлөг" /БЮМ/ гэнэ. Мөчлөг нь эмэгтэй  хүн бүрт өөр өөр байдаг. 21-35 хоногийн  мөчлөгийг хэвийн гэж үзнэ. Биений юм ирэх нь өндгөвчинд өндгөн эс боловсорч байгааг өөрөөр хэлбэл хамгаалалтгүй  бэлгийн  харьцаанд орвол жирэмслэх чадвартай болсонг илтгэх шинж юм.

Охидод анхны биений юм 10-16 насны хооронд ирэхийг хэвийн гэж үздэг. Биений юм анх ирсэн эхний үед мөчлөг нь тогтворгүй байснаа 1-2 жилийн  дараа тогтмол мөчлөгтэй болдог. Тогтмол мөчлөгтэй болсон үед биений юм ирэх нь нэг удаад 3-5-7 хоног хүртэл үргэлжилнэ. Биений  юмны  ирсэн үеэс охид  бүр хуанли хөтөлж сурах нь өөрийн эрүүл мэндээ хянахад тустай бөгөөд дараагийн сарын тэмдэг ирэх өдрийг баримжаалах боломжтой юм.

Сэтгэгдэл: (3)
Таны IP: (3.144.29.213)
Өсвөр насанд бэлгийн дааврын нөлөөгөөр бие махбодод илрэх өөрчлөлтийг юу гэж нэрлэдэг вэ
2024-04-30 Хариулах
Хөвгүүдийн шилжилтийн насны өөрчлөлтийг яагаад оруулаагүй юм бэ
2023-11-14 Хариулах
Наснаасаа хэтэрч ирсэн тохиолдолд яах вэ
2020-02-21 Хариулах