Орон сууцны хороолол "ногоон" хашаатай байх журмыг батлав
НИТХ-ын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг хэлэлцэж, баталлаа.
Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалтын асуудал хариуцсан төслийн удирдагч О.Мөнгөншагай журмын төслийг танилцуулав.
Улаанбаатар хотын өмнө тулгамдаад буй томоохон хүндрэлийн нэг болох замын хөдөлгөөний ачааллыг бууруулж, явган зорчигчийн аюулгүй байдлыг хангахаар нийслэлийн Засаг дарга 2016-2020 оны “Түгжрэлгүй гудамж-Бухимдалгүй хот” аяныг тусгасан байдаг. Энэ хүрээнд 2009 онд НИТХ-ын Тэргүүлэгчдийн баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барьж, ашиглах журам”-ыг шинэчлэн зургаан бүлэг бүхий дээрх төслийг боловсруулсан байна.
Нийслэлийн гудамж талбайг судлахад, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт буулгах шаардлагатай 10.9 км хашаа, хайс байжээ. Тэгвэл эл журмыг баталснаар долоон км хашааг буулгах боломж бүрдэж, автомашины орц, гарцыг нэмэгдүүлэн, хөдөлгөөний эрчмийг сайжруулах нөхцөл бий болно гэдгийг холбогдох албанаас мэдээлэв. НИТХ-ын Аз жаргалтай хот болон Хууль эрхзүйн хороо дээрх журмын төслийг хэлэлцэж, зарим заалтыг өөрчлөх таван санал гаргасан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан төлөөлөгчид холбогдох албанаас тодруулав.
НИТХ-ын Төлөөлөгч Ш.Үнэнбат, Олон нийтийн дунд санал асуулга явуулсан эсэхийг тодруулж, үр дүн нь ямар байгааг асуув. "Долоон цахим хуудсаар 1400 гаруй иргэнээс санал авсан" тухайгаа Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар /НХБХГ/-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тулга танилцуулж, 1300 орчим нь журмын төслийг дэмжсэн гэдгийг онцоллоо.
НИТХ-ын Төлөөлөгч Ц.Одонтунгалаг, Олонх байгууллага эзэмшил газраа хашаалаад төлбөр авч автомашин оруулдаг. Үүнийг хэрхэх талаар журамд тусгасан эсэхийг асуув. Мөн орон сууц хотхоны хашааг хэрхэн зохицуулахыг тодруулав.
"Хашаатай байх 16 байгууллага, эдэлбэр газрыг журамд тусгасан. Тиймээс түүнээс өөр байгууллага хашаа барих боломжгүй. Орон сууцны хотхоны газар СӨХ-нд хамаардаг. Журамд орон сууц ногоон байгууламж бүхий хашлагатай байхаар тусгасан. Тиймээс тодорхой хугацаа өгч, одоогийн хашааг буулгуулна" хэмээн НХБХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Тулга хариуллаа.
Ингээд санал хураахад төлөөлөгчдийн олонх дэмжиж “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг баталлаа.