Х.Баттулга: Монголын нүүрсийг Цаофэйдянь боомтоор дэлхийд гаргана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д төрийн айлчлал хийж, “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад оролцсон. Тэрээр өнөөдөр тус улсын Цаофэйдянь боомтын үйл ажиллагаатай танилцахаар Хэбэй мужийн Таншань хотод зочлов.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Хэбэй мужийн намын хорооны Нарийн бичгийн дарга Ван Дуфен бараалхаж, тус мужийн нийт 75 сая иргэдийн өмнөөс хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Ноён Ван Дуфены хэлснээр, Монгол Улсын 22 аж ахуйн нэгж тус мужийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж байгаа бөгөөд энэ онд гэхэд Монголын хоёр компани 84 сая ам.долларын хөрөнгө оруулсан нь цаашид эдийн засгийн болон бусад харилцаа өргөжих үндэс суурь хэмээн харж буйгаа илэрхийлсэн юм.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эдийн засгийн харилцааг өргөжүүлэх өргөн боломж байгаа талаар дурдаж, Хэбэй мужийн Таншань хотыг зорин ирсэн нь Цаофэйдянь далайн боомтын ажилтай танилцахаас гадна цаашдын хамтын ажиллагаатай уялдаатай болохыг цохон тэмдэглэв. Мөн Төрийн тэргүүн 70 улсын 110 гаруй боомттой холбогддог энэ боомтоор Монголын нүүрсийг гадаад зах зээлд гаргах сонирхолтой байгаагаа илэрхийлж, ирэх тавдугаар сард багтаан туршилтын тээвэр явуулах гэж буйг хэлээд, энэ хүрээнд ярилцлаа.