Г.Занданшатар: Бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр МҮХАҮТ-ын байр суурийг голлон авч үзнэ

Үндэсний хөгжлийн газар, Конрад Аденауэрийн сан, “Блүүмберг ТВ Монголиа”,  МҮХАҮТ,  Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл, Компанийн засаглалын үндэсний зөвлөл, “ОШМИ групп” ХХК зэрэг байгууллага хамтран  “Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” үндэсний чуулганыг өнгөрсөн баасан гаригт зохион байгууллаа. 

Чуулганд 300 орчим бизнесийн байгууллагын удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, Олон улсын байгууллагуудын төлөөлөл, судлаач эрдэмтэд оролцож, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд бизнесийн байгуллагуудын оролцоо, төр-хувийн хэвшлийн түншлэл, үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих бодлого, хууль эрх зүйн орчны шинэчлэл зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцов.

УИХ-ын дарга Г.Занданшатар уг чуулганыг нээж хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газраас 2017 онд “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг батлан гаргасан. Энэ бодлогын тулгуур нь Засаглалын шинэчлэл, Эдийн засгийн шинэчлэл, Нийгмийн бодлогын шинэчлэл гэсэн 3 асуудалд зангилагдаж байгаа юм.  Өөрөөр хэлбэл гол зарчим нь Монголын төр нь төр шиг байя, зөвхөн уул уурхайгаас хамааралтай биш, төрөлжиж солонгорсон эдийн засагтай болъё, Монголын нийгмийг халамжийн биш бүтээмжийн нийгэм болгоё гэдэгт чиглэж байгаа юм” хэмээн онцлоод төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Төрөөс бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр МҮХАҮТ-ын байр суурь, оролцоог голлон авч үзэх болно гэж цохон тэмдэглэв.

Түүнчлэн тэрбээр үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид бол хөгжлийн хөдөлгүүр юм. Энэ хөдөлгүүр гацаа саадгүй, жигд тасралтгүй, үр ашигтай ажиллах ёстой. Үүнд төрийн дэмжлэг хэрэгтэй гэж бид үзэж байна. Тиймээс баялаг бүтээгчдийг дэмжих багц хуулийн төслийг батлан гаргахаар УИХ төлөвлөж байгаа. Эхний ээлжинд Үндэсний үйлдвэрлэл, баялаг бүтээгчдийг дэмжих тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжаваар ахлуулан байгуулсан. Энэ хуулийн төслөөр Нээлттэй сонсгол хийж, үйлдвэрлэгчид Та бүхний төлөөллийг оролцуулан зохион байгуулахаар төлөвлөж байна. Үүнд идэвхтэй оролцохыг урьж байна хэмээлээ.

УИХ-ын дарга бизнес эрхлэгчдэд хандаж, та бүхэн МҮХАҮТ дээрээ, мэргэжлийн нэгдсэн холбоод дээрээ нийт баялаг бүтээгчдийн өмнө тулгарч буй, шийдвэрлэвэл зохих асуудал, бэрхшээлээ хэлэлцэн ярилцаж нэгтгээд, гарах гарц, хууль эрх зүйн орчны талаарх санал, санаачилга, бодлогоо УИХ, Засгийн газарт илэрхийлдэг баймаар байна. Ийм нэгдмэл саналд тулгуурлаж шийдвэр гарвал үр дүнтэй, зөв болно.

Тиймээс ажил хэрэгч, бүтээлч, шинэ хандлагыг бий болгомоор байна гээд, “Тогтвортой хөгжлийг хангахын тулд хувийн хэвшлийнхэн бүтээлч хандлагыг эрхэм болгоцгоогтун. Ийм хандлагыг Монголын төр засаг ямагт дэмжих болно. Төр, хувийн хэвшлийнхэн хүчээ нэгтгэх цаг болж. Ингэж чадвал бидэнд хөгжих асар их боломж байна. МОНГОЛЫНХОО ИРЭЭДҮЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” хэмээн уриаллаа.

Харин МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Тогтвортой хөгжил, компанийн нийгмийн хариуцлага хоёр салшгүй холбоотой. Төр хувийн хэвшлийг дэмжих, тогтолцоог бий болгох нь чухал. Компанийн нийгмийн хариуцлага нь нэг удаагийн хандив бэлэг биш нийгмийн өмнө тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдвэрлэх, хамтын үнэ цэнийг хэрхэн бий болгох чиглэлд шинэ түвшинд гарч ирсэн.

2018 оны Компанийн нийгмийн хариуцлагын судалгаагаар Могол Улсын ТОП100 компанийн 88 хувь нь нийгмийн хариуцлагын бодлогын баримт бичигтэй бөгөөд 50 хувь нь бие даасан бодлого баримтлан ажиллаж байна. Компаниудын 66 хувь нь нийгмийн хариуцлагын тусгай сан бий болгон ажилладаг.

Мөн 63 хувь 50-иас дээш сая төгрөгийг нийгмийн хариуцлагын үйл ажиллагаанд зарцуулдаг гэсэн судалгаа байдаг. Танхим Тогтвортой хөгжил компанийн нийгмийн хариуцлагын чиглэлээр компаниудын сайн туршлагыг түгээх, олон улсын сүлжээнд нэгдэх санал санаачлага гаргаж ирсний нэг нь Даян дэлхийн гэрээ юм. НҮБ-ын Даян дэлхийн гэрээ нь дэлхийн 166 орны 9000 компани нэгдсэн Тогтвортой хөгжлийн томоохон үзэл баримтлал юм.

Энэ чуулганаар хоёр том санал гарч байна. Эхнийх нь тогтвортой хөгжлийг авчрахад хувийн хэвшлийн оролцоо чухал учир бизнесийн байгууллагууд нэгдэж, дуу хоолойгоо хүчтэй илэрхийлэх хэрэгтэй юм байна, нөгөө нь бид бүхэн үйл ажиллагаагаа уялдуулж чадвал төр хүлээж авч дэмжихээ илэрхийллээ” гэв.

Чуулган “Төрөөс компанийн нийгмийн хариуцлагын талаар баримтлах бодлого”, “Төр, хувийн хэвшлийн түншлэлийн бодлого”, “Мэргэжлийн холбоодын эрх зүйн байдлын тухай хууль”-ийн төслийн хэлэлцүүлэг гэсэн салбар хуралдаанаар үргэлжиллээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.103.169)