Тэр бусдыг ТЭВРЭХ дуртай
“Нарны үр сад” киногоороо бидний дунд илүүтэй танил болоод буй жүжигчин Cун Жүнгигийн намтар, уран бүтээл, хайр дурлалын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэж байна.
Тэшүүрээр гарамгай гулгадаг жаалхүү
Өмнөд Солонгосын алдарт жүжигчин Сун Жүнги (Song Joong-ki, солонгосоор 송중기) нь 1985 оны есдүгээр сарын 19-ны өдөр мэндэлжээ.
Сун Жүнги багадаа тэшүүрээр хичээллэдэг байжээ. Түүний төрөлх хот Тэджон (Daejeon) бөгөөд хотоо төлөөлөн үндэсний наадамд гурван ч удаа оролцон шагнал хүртсэн байдаг. Ахлах сургуульд орсон эхний жилдээ бэртэж улмаар тэшүүрийн спортоо орхиход хүрчээ. Ингээд Жүнги хичээлдээ илүү анхаарч эхэлсэн ба үндэсний коллежийн элсэлтийн 400 онооноос 380 оноо авч Солонгостоо алдартай Сункюунван (Sungkyunkwan) их сургуульд элсэн оржээ.
Тэр хамгийн анх KBS телевизийн Quiz Korea нэвтрүүлэгт оролцож телевизийн карьераа эхлүүлсэн байдаг. Энэхүү нэвтрүүлгийн дараа тэрээр сургуулийнхаа моделиор сонгогджээ.
Кино ертөнцийн эхлэл ба амжилт авчирсан "Нарны үр сад"
2008 онд ‘A frozen Flower’ кинонд тоглож жүжигчин болох гараагаа эхлүүлжээ. Түүний дараа жил нь “Fivу Senses of Eros” болон “Will It Snow for Christmas?” зэрэг кинонд тогложээ. Түүнчлэн 2009-2010 онд KBS телевизийн "Music bank" нэвтрүүлгийн Баасан гараг бүрийн дугаарыг хөтөлж , 2010-2011 онд SBS телевизийн ‘Running man’ нэвтрүүлгийн албан ёсны гишүүн болжээ. Мөн 2010 онд “OB/GYN Doctors” болон “ Hearty Paws 2” тус тус кинонуудад дүр бүтээсэн байдаг.
Эцэст нь 2010 онд “Sungkyunkwan Scandal” олон ангит киноны Гү Ёнхагийн дүрийг бүтээж илүү алдартай болжээ. 2010 оны сүүлээр Австралийн Сидней хотыг дугуйгаар тойрч, үүнийгээ ELLE сэтгүүлийн дэмжлэгтэйгээр хоёр ангит нэвтрүүлэг болгон олон нийтэд цацсан юм.
“Made in U”-гийн хөтлөгчөөр ажилласнаар өөрийгөө авьяаслаг хөтлөгч болохыг харуулсан Сун Жүнги олон хүнээс сайшаалын үг сонсчээ. 2011 онд “Penny Pinchers” инээдмийн кинонд тоглож, кино шүүмжлэгчид түүнийг “сэтгэл татам” “бурхнаас заяасан онцгой авьяастай” хэмээн тодорхойлсон байдаг.
Сун жүнги “2012 он бол миний карьерийн хамгийн гайхалтай жил” гэж өөрөө тодорхойлсон. Тэрээр “A Werewolf Boy” кинонд дүр бүтээж, тэрхүү кино нь Торонтогийн олон улсын кино наадмын үеэр нээлтээ хийжээ. Тэрээр чононхүүгийн дүрийг бүтээхийн тулд маш олон баримтат кино үзэж, гудамжинд явж буй нохдыг ажиглан амьтны хөдөлгөөнд суралцдаг байжээ.
Мөн “Edward Scissorhands”, “Let Me In” болон “The Lord of the Rings” кинонуудыг маш олон үзсэн. “A Werewolf Boy” кино нь 7 сая гаруй тасалбар борлуулсан ба Өмнөд Солонгосын бүх цаг үеийн шилдэг кинонуудын нэг болж чадсан юм.
“The Innocent Man” цувралд дүр бүтээсэн нь түүний хувьд анх удаа телевизийн цувралд гол дүр бүтээсэн явдал байсан юм. Энэхүү цуврал нь олон ангит кинонуудын дунд хит болж, ‘A Werewolf boy’ нь кино чартуудад тэргүүлэн Сун Жүнгигийн хувьд санаанд оромгүй их амжилтуудыг авчирч байсан юм.
Тэрээр 2013 оны наймдугаар сарын 17-ны өдөр фэн уулзалт зохион байгуулж, түүнээс хойш арав хоногийн дараа Чүнчоний 102 дугаар баазад цэргийн алба хаажээ. Харин хоёр жилийн дараа буюу 2015 оны тавдугаар сарын 26-нд цэргээс халагджээ.
Үүний дараа 2016 онд “Descendants of the Sun” олон ангит киногоороо алдарт жүжигчин Сун Хэгёо (Song Hye-kyo)-ийн хамтаар эргэн ирсэн юм.
Цэргээс халагдаад удаагүй байгаа түүнд энэ киноны дүрд цэрэг эрийн дүрийг бүтээхэд ойр байжээ. Энэхүү кино нь олон үзэгчийг байлдан дагуулж чадсан бөгөөд улсын хэмжээнд 41,6%-тай үнэлэгдсэн байна. Үүний дараа Сун Жүнги 30 гаруй брэндийн нүүр царай болж, Ази даяар алдартай жүжигчдийн тоонд зүй ёсоор багтжээ. Хэдий 30 настай дөнгөж 20 дөнгөж гарсан мэт залуу төрх нь түүнийг илүүтэй чимж, охид бүсгүйчүүдийг татдаг байна.
“Нарны үр сад” киноны уран бүтээлчид “52 дахь удаагийн Paeksang Arts” шагнал гардуулах ёслолд 14 төрөлд нэр дэвшиж нийт 5 шагнал хүртжээ. Үүнээс Сун жүнги “Most Popular Actor” болон “ Global Star Award” гэсэн хоёр төрөлд шагнал авсан байна.
ХАЙР ДУРЛАЛ ба олны яриа ортой ч байж мэднэ
Сун Жүнги жүжигчин болохоосоо өмнө 3 удаа үерхэж байсан бөгөөд анхны хайртайгаа дунд сургуульд байхдаа учирч 103 хоног үерхэж байжээ. Нэгэн ярилцлагадаа “Миний анхны хайр аль хэдийнээ гэрлэсэн, би одоо болтол түүнийг мартаж чадаагүй байгаа” гэсэн байдаг.
Тэрээр хайр дурлал, хувийн амьдралынхаа тухай ярьдаггүй бөгөөд нэр хүндтэй болсноосоо хойш эмэгтэйчүүдтэй болзсон, болзож байгаа гэх цуу ярианд бараг л өртөөгүй юм. Харин саяхнаас “Нарны үр сад” киноны жүжигчин Сун Хэгёотой нэр холбогдож эхэлсэн бөгөөд тэднийг хоёр жилийн турш үерхэж байгаа гэсэн цуу яриа ч гарчээ.
Алдартнуудын үерхлийг ил болгодог “хосуудын ангууч” гэж нэрлэж болохуйц Dispatch сайт инстаграм хуудсан дээрээ Сун Жүнги болон Сун Хэгёо нарын “52nd Paeksang arts awards”-д хүрэлцэн ирсэн зургийг тавиад “Зууны шилдэг хос” гэж бичсэн нь олон хүмүүст тэдний дараагийн зарлах хос нь Жүнги Хэгёо нарыг гэсэн итгэл төрүүлээд байгаа юм. Мөн 6 сарын 17-нд буюу нөгөөдөр болох Сун Жүнгигийн фэн уулзалтанд Сун Хэгёо очно гэдгээ мэдэгджээ.
Сун Хэгёо саяхны нэг өдөр өгсөн ярилцлагадаа түүний талаар “Тэр аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг, эелдэг зантай гэдгийг нь caйн мэднэ. Бүтэн зургаан сарын турш хамт ажиллахад түүний зан араншин өөрчлөгдөхийг нэг ч удаа хараагүй. Сун надаас насаар хэд дүү. Гэхдээ надад түүнээс сурах зүйл маш их байлаа. Кинонд дүрээ төгс бүтээсэн гэдэгтэй маргахгүй байх. Хүнийхээ хувьд ч гайхалтай залуу” хэмээжээ.
Сун Жүнгигийн тухай сонирхолтой 12 баримт
1. Бага байхдаа хүмүүс түүнийг “хөөрхөн” гэж хэлэхэд маш дургүй байсан.
2. Тэр олны танил болохоосоо өмнө сагсан бөмбөг тоглох үедээ үргэлж нарны тос түрхдэг байсан.
3. Ах болон эмэгтэй дүүтэй.
4. Түүнд “халуухан” хэрнээ “эгдүүтэй” харагддаг эмэгтэйчүүд таалагддаг.
5. Тэр урт шулуун үстэй охидод дуртай.
6. Тэр өмнө нь тамхи татдаг байсан бөгөөд харин одоо бол огт хэрэглэдэггүй.
7. Тэр ‘Ero joong ki’ гэдэг хочтой байсан. Учир нь Жүнги өөрт нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн л бол бусдыг тэвэрдэг зуршилтай.
8. Тэр “Сун Жүнги сайн хүүхэд шүү, тэр үнэхээр сайн хүн” гэдэг үг сонсох дуртай гэнэ.
9. Дунд сургуульд байхдаа анхны үнсэлтээ хийжээ.
10. “Согтвол маш их уйлж бас гэрээ олдоггүй” гэж хэлж байсан удаатай.
11. BEG-ийн Га ин (Ga in) үргэлж Сун Жүнгид дуртай гэж хэлдэг.
12. Тэр Ий Квансү (Lee Gwansoo), Паг Юүчон (Park Yoochun) Ким Жэжүн (Kim Jaejoong) Им Жүван (Im joohwan) Жан Гынсаг (Jang Keun Suk) Ким Хичол(Kim heechul) нартай дотны найзууд.