Хошууч генерал Ч.Мижид зааны нэрэмжит барилдаан болно

 Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, морьт отрядын жанжин, хошууч генерал, улсын заан Чимэдийн Мижидийн дурсгалыг мөнхжүүлэх, Монгол Улсын заан цолд хүндэтгэл үзүүлэх барилдаан өнөөдөр Бөхийн өргөөнд болно.

Энэхүү барилдааны түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая, их шөвөгт үлдсэн бөх 1 сая, дунд шөвөгт үлдсэн бөх 500 мянган төгрөгийн бай шагналтай юм.

"Заан цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглохоор Монгол Улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Э.Оюунболд, улсын заан М.Өсөхбаяр, улсын заан Б.Батмөнх, улсын харцагуудаас Б.Одгэрэл, Б.Бат-Өлзий, Х.Гантулга, Д.Бат-Эрдэнэ, М.Бадарч, Н.Золбоо тэргүүтэй 270 орчим бөх бүртгүүлээд байна" хэмээн МҮБХ-ноос мэдээллээ.

Дашрамд сонирхуулахад, Хошууч генерал Ч.Мижид /1895-1955/ Түшээт хан аймгийн Түшээт чин вангийн хошуу, одоогийн Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг Хурдан бумбат гэдэг газар төрсөн.  Тэрбээр 1933-1934 онд Багш нарыг бэлтгэх сургууль, ЗХУ-ын Москва хотод ДЯЯ-ны дунд сургуульд тус тус суралцаж төгсжээ.

Ч.Мижид 1920 оноос хошууны тамгын газар зарлага, туслах бичээч, эх зохиогчоор ажиллаж байгаад 1928 онд цэргийн албанд татагдан ирж 1 дүгээр морьт дивизэд цэрэг, 1929-1934 онд ДХГ-ын тусгай салаанд цэрэг, төлөөлөгч, тасгийн дарга, 1934 -1937 онд отрядын дарга, ДХГ-ын Төв сургуулийн штабын дарга, 1937-1939 онд Монгол тээхийн дарга, 1939-1941 онд МАХЦ-ийн Хуягт танкын газрын дарга, 1941-1942 онд Хэнтий аймгийн дарга, 1942-1949 онд Улсыг батлан хамгаалах эвлэлийн тѳв зѳвлѳлийн дарга, Ардын ѳѳрийгѳѳ хамгаалах сайн дурын морьт отрядуудыг удирдах дарга, 1949-1950 онд ДЯЯ-ны аж ахуйн хэргийг эрхэлсэн орлогч сайдаар ажиллаж байгаад цэргийн албанаас бэлтгэлээр халагдан «Хараа» амралтын даргаар ажиллаж байв.

Хошууч генерал Ч.Мижид нь 1932 онд баруун аймгуудыг хамарч дэгдсэн зэвсэгт бослогыг дарах, 1939 оны Халхын голын, 1945 оны чѳлѳѳлѳх дайнд оролцсон ахмад дайчин юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.23.101.60)