“МАЗАЛА” Үндэсний дээд лигийн III тойргийн өмнөх төлөв

 Монголын хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Мазала” үндэсний дээд лигийн 5 тоглолт амралтын өдрүүдэд болох бөгөөд энэ тойргийн өмнөх төлөв байдлыг Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлж байна.

 

“СП Фалконс” – “Дэрэн”

 

И.Отгонбаяр дасгалжуулагчтай “СП Фалконс” эхний хоёр тойрогт өнгөрсөн жилийн хүрэл, мөнгөн медальтнуудтай тоглож, муугүй үр дүн гаргасан. Тэгвэл гуравдугаар тойрогт хүчтэй өрсөлдөгчийн нэг “Дэрэн”-тэй тулах болно. “СП Фалконс”, “Дэрэн” клубүүд үндэсний дээд лигийн хүрээнд найман удаа учраа таарч тоглоход хоёр баг бие биенээ тус бүр гурав хожиж, үлдсэн хоёрт нь оноо хувааж байлаа. Өгөө аваатай, эн тэнцүү сонирхолтой тоглолтын үзүүлдэг хоёр багийн тоглолт бямба гарагт 12:00 цагаас МХБХ-ны талбайд болно.

 

“Хоромхон” – “Атлетик 220”

 

Үндэсний шигшээ баг төдийгүй, “Атлетик 220” клубийн гол тоглогчид болох хамгаалагч Д.Төрбат, довтлогч Н.Наранболд нар “Хоромхон” клубээс хөлбөмбөгийн замналаа эхлүүлж, гайхалтай он жилүүдийг үдсэн. Тэд бямба гарагт төрөлх багийнхаа эсрэг дахин нүүр тулах болоод байна. “Хоромхон” клуб залуу бүрэлдэхүүнээр “Мазала” дээд лигт хүч үзэж байгаа ч хялбар өрсөлдөгч биш гэдгээ “Андууд сити”-тэй хийсэн тоглолтоороо харуулсан юм. “Хоромхон”, “Атлетик 220” клубүүд 2017 онд үндэсний дээд лигийн хүрээнд хоёр удаа тоглоход эхний тоглолтод гоолгүй тэнцэж, хариу тоглолтод нь “Атлетик 220” 2:1-ээр хожиж байв. Бямба гарагийн 15:00 цагт эхлэх тоглолтыг та бүхэн NTV, mycujoo-оор шууд хүлээн авч үзэхээс гадна, МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд хүрэлцэн ирж сонирхоорой.

 

“Хангарьд” – “Улаанбаатар сити”

 

Монгол орны 21 аймгаас ганцхан Орхон аймгийн “Хангарьд” клуб үндэсний дээд лигт өрсөлддөг гэхээр Орхончууд багаараа бахархахгүй байхын аргагүй. Эх нутгийнхаа бахархал болсон “Хангарьд”-ын цагаас “Мазала” дээд лигийн эхний тоглолтоо бямба гарагт 18:00 цагаас “Улаанбаатар сити” клубтэй хийх гэж байна. “Улаанбаатар сити”, “Хангарьд”-ын эсрэг тун сайн тоглодог үзүүлэлттэй бөгөөд дээд лиг болон цомын хүрээнд нийт таван удаа таарч тоглоход дөрөвт нь хожсон нь үүний баталгаа болно. “Хангарьд”-ын залуус өнгөрсөн жил “Улаанбаатар сити”-тэй хоёр тоглохдоо “Хотынхон”-ы хаалганд гоол оруулж чадаагүй учраас уг муу үзүүлэлтийг тасалж, лигийн эхний тоглолтоосоо анхны оноогоо авахыг зорьж тоглох биз ээ.

 

“Эрчим” – “Андууд сити”

 

Хоёрдугаар тойрогт “Хоромхон”-д хожигдож яваад, хүнд байдлаас дээд лигийн анхны хожлоо авсан “Андууд сити” энэ удаад “Эрчим”-ийн талбайд зочлохоор болоод байна. “Андууд сити” өнгөрсөн улиралд “Эрчим”-тэй хоёр тэнцэж чадсан учраас ням гарагийн тоглолтод “Андууд сити”-гийн залуус сэтгэл зүйн давуу талтай оролцоно. Харин талбайн эзэд 2017, 2018 онд “Андууд сити”-тэй дөрөв тоглохдоо нэг ч хожигдоогүй гэдэг давуу талтай. Дархан аваргууд дээд лигийн эхний хагаст оноо алдсан тохиолдол, хоёрдугаар хагасынхаас бага байдаг учраас улирлын эхэнд “Эрчим”-ээс оноо салгана гэдэг тун хүнд даалгавар юм.

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын талбайд болох “Эрчим”, “Андууд сити” багийн тоглолтыг та бүхэн mycujoo.tv-ээр шууд хүлээн авч үзээрэй.

 

“Эф Си Улаанбаатар” – “Хаан хүнс титэм”

 

Дээд лигт анх удаа дэвшин тоглож, “дарийн утаа үнэрлэж буй” “Хаан хүнс титэм” клубийн гурав дахь хүнд учраа нь “Эф Си Улаанбаатар” клуб болоод байна. “Эрчим”, “Улаанбаатар сити” клубүүдтэй тоглохдоо хаалгандаа нийт долоон гоол алдаж, эсрэг багийн хаалганд гоол оруулж амжаагүй байгаа “Хаан хүнс” клуб улирлын анхны гоол, оноогоо авахыг юу юунаас илүү хүсэж буй.

 

“Эф Си Улаанбаатар” клуб улирлын нээлтийн тоглолтод доод лигээс дэвшин гарч ирсэн “Хоромхон”-ыг 4:0-ээр хожсон бол энэ удаад мөн шинэ цэргүүдийн нэгтэй таараад байна. Дээд лигт анх дэвшсэн жилдээ өнгөрсөн жилийн медальт байрын багуудаас оноо салгаж, хожсон тохиолдол 2017 оноос хойш тохиогоогүй байгаа гэсэн үзүүлэлт “Хаан Хүнс”-ийн залууст хэрхэн нөлөөлөхийг ням гарагийн 15:00 цагт МХБХ-ны талбайд эхлэх тоглолт харуулна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.186.247)