Йогоор хичээллэхдээ анхаарах 5 зүйл

Иог нь таны биеийг эрүүлжүүлэн, сэтгэлийн амар амгаланг олгодог. Мөн тайвнаар их хөлс гаргадаг тул өөхийг дотроос нь хайлуулан тураадаг. Сургалтын төвд суулгүй гэрээр хийх боломжтой гэдгээрээ мөн давуу талтай. Гэхдээ йог хийхэд зайлшгүй анхаарах хэд хэдэн зүйл байдаг бөгөөд тэдгээрийг та бүхэндээ хүргэж байна.

1. Дэвсгэр сонголт

Дэвсгэрийн гулгамтгай биш байдал, шалтай хэр наалдацтай байж чадах эсэх зэргийг нь шалгаж аваарай. Гулгамтгай биш зуурамтгай дэвсгэр нь таныг йогийн нэг байрлалаас нөгөө байрлалд шилжих үед мөн нэг байрлалаа удаан барихад биед эвтэйхэн тааламжтай байлгах болно. Иогийн дэвсгэрийн хэмжээ дасгал хийхэд чухал нөлөө үзүүлдэг. Ялангуяа дэвсгэр хэтэрхий зузаан бол тэнцвэр алдах магадлалтай. Дэвсгэрийн стандарт зузаан нь  6,5 мм байдаг.


2. Хэцүүгээс эхлэх хэрэггүй

Багшгүй гэрээр хийх гэж байгаа бол амархнаас эхэл. Интернет дээр байгаа йогийн бичлэгний ихэнх нь хүнд шатных байдаг. Түүнийг нь үзээд дагаж хийх гэтэл чаддаггүй. Иймээс багаас эхлэх хэрэгтэй. Эхлээд хөнгөн халаалтын дасгалуудыг хий. Дараа нь тайван суугаад амьсгалаа мэдэр. Хурдан хийх гэж бүү яар. Маш тайван зөөлөн дасгалуудаас эхэл. Мөн үзэж байгаа бичлэгнийхээ ярьж буй багшийнхаа үгийг сонсож дагаж хийгээрэй.


3. Амьсгал

Иог хийж байх явцад амьсгалаа зөв гаргаж авах хэрэгтэй байдаг. Халаалтын дасгалаа хийж дуусаад газар суухдаа суудлын яс дээрээ сууна. Одоо харин өөрийнхөө амьсгал дээр анхаар. Уртаар гүнзгий ав. Амьсгалаа авахдаа тоолж болно.  Гаргахдаа яг тэр тоогоороо гарга. Дотроо амьсгал бүү үлдээгээрэй. Бодол санаагаа бэлэн болгож, амьсгаагаа жигдэлсэн бол одоо дасгалаа хийж болно. Дасгал хийх явцдаа амьсгалаа авахаа мартуузай.


4. Өөрийгөө бүү хүчил

Бидний нэг дутагдалтай тал аливаа хийсэн зүйлийнхээ үр шимийг нь хурдан харахыг хүсдэг.  Дасгалаа гоё хийж байгаа хүнийг хараад шууд л чадахгүй байсан ч хамаагүй хүчлэн яардаг. Энэ нь шантралын хамгийн том шалтгаан болдог учир бага багаар зөөлнөөр биедээ дасгах хэрэгтэй.


5. Бүү сатаар

Бидний эргэн тойрон анхаарал сарниулсан зүйлсээр дүүрэн байгаа нь энэ нийгмийн шийтгэл ч юм шиг. "Би тэгэхээ/ингэхээ мартсан байна...", "Хэрвээ тэгвэл/ингэвэл..." гэсэн зогсолтгүй эргэлдэх бодлууд биднийг йогийн дэвсгэр дээр дасгал хийж байхад ч хүртэл анхаарлыг сарниулж байдаг. Хэрэв таны ухаан бодол биетэй тань холбогдохгүй бол, биеээс өгч буй дохио, тэмдгийг анзаарахгүй өнгөрөх юм бол та гэмтэх, бэртэх аюулд орно. Тиймээс та ухаан бодлоо өөр юманд сатаарсан байгааг анзаарсан даруйдаа анхаарлаа өөрийн амьсгал болон бие дээрээ ямагт буцаан авчирч байгаарай.

Амжилт хүсье. Бүү шантраарай laugh

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.175.166)