НӨАТ-ын баримтаа 8-наас өмнө бүртгүүлж, буцаан олголтоо аваарай
Татварын ерөнхий газраас мэдээлснээр, энэ сарын наймны өдрөөс өмнө НӨАТ-ын буцаан олгох баримтын бүртгэлийн мэдээллээ залруулж, хүсэлтээ гарган баталгаажуулахыг анхаарууллаа.
Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд зааснаар, албан татвар төлөгч нь буцаан олголтод хамрагдахын тулд дараах нөхцөлийг хангасан байна.
1. Албан татвар суутган төлөгчөөс бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай бүр худалдан авалтаа нотолсон төлбөрийн баримтыг цаасан эсхүл цахим хэлбэрээр авсан байх;
2. Төлбөрийн баримтын мэдээллийг хэрэглэгчийн хэсэг дэх өөрийн бүртгэлдээ бүртгүүлсэн байх;
3. Албан татвар төлөгч нь хэрэглэгчийн овог, нэр, регистрийн дугаар, цахим шуудан /имэйл/-ийн хаяг, утасны дугаар, албан татварын буцаан олголтоо авах, Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаар зэрэг мэдээллийн үнэн зөвийг өөрөө хариуцах үүрэгтэй.
Албан татвар төлөгч нь 2018 оны сүүлийн өдрийн 24 цаг 00 минутаас өмнө худалдан авсан төлбөрийн баримтын мэдээллийг дараагийн хуанлийн жилийн буюу 2019 оны нэгдүгээр сарын 8-ны дотор цахим төлбөрийн баримтын систем (https://ebarimt.mn/)-д бүртгүүлсэн байна.
Сугалааны дугаар буруу байвал "ААН илгээгээгүй гэсэн төлөвөө" устгаад дахин төлбөрийн баримтаа оруулж болно. Заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар буюу 35 оронтой тоог нь үнийн дүнтэй хамт хийснээр уг баримт засагдана. Түүнчлэн өмнөх сарын сугалааны дугаарыг нөхөж өгсөн тохиолдолд CI00000000 дугаартай баримт өгдөг.
Уг баримтыг авсан тохиолдолд заавал дахин давтагдашгүй төлбөрийн дугаар болон үнийн дүнгээр бүртгүүлснээр баталгаажна. Тэгэхгүй бол QR код болон сугалааны дугаараар бүртгүүлсэн тохиолдолд ААН илгээгээгүй гэсэн төлөв гарч ирдэг болохыг Татварын ерөнхий газрын мэргэжилтэн зөвлөлөө.