Тайландын арлуудад хүчтэй шуурга дэгдэж болзошгүйг анхааруулжээ
Жуулчдын сонирхлыг ихээхэн татдаг Таиландын арлуудад сүүлийн хэдэн арван жил тохиогоогүй хүчтэй шуурга дэгдэж болзошгүйтэй холбогдуулан олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлж байгаа тухай тус улсын холбогдох албаны хүмүүс мэдээлэв.
Халуун орны “Пабук” шуурга орон нутгийн цагаар баасан гарагийн оройн 19 цагийн орчимд Чумпон арлын ойролцоо хөрсний гулгалт үүсгэх төлөвтэй байгаа бөгөөд хүчтэй аадар бороо хэдийнэ ороод эхэлжээ.Жуулчдын очих дуртай Таиландын буланд байрладаг Самуи, Ко Панган, Ко Тао арал болон Андаманы тэнгисийн дагуу оршдог Пукет, Ко Пи Пи арал шуургад өртөх төлөвтэй байгаа юм. Ко Пи Пи арал дээр “The Beach” киноны зураг авалтыг хийж байсан билээ.
“Хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа үргэлжилсээр байна. Гадаадын жуулчид олноор ирдэг улирал үргэлжилж байгаа бөгөөд тэдэнд хоёр хоногийн өмнөөс эхлэн анхааруулгыг хүргэж эхэлсэн. Жуулчдын дийлэнх нь арлуудыг орхиж, эх газарт хүрсэн” гэж Засгийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч “CNN” сувагт утсаар мэдээлжээ.Таиландын Цаг уурын хүрээлэнгийн мэргэжилтний мэдээлснээр, шуурга долоон метрийн өндөр далайн давлагаа үүсгэж магадгүй хэдий ч ихэнх нь 3-5 метрийн өндөрт хүрэх аж. “Пабук” шуурга дөхөн ирж буйтай холбоотойгоор эргийн бүс нутгийн сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоож, цэргийн албан хаагчид бэлэн байдалд ажиллаж байгаа юм байна.