Экспортод гаргах махны хэмжээнд квот тогтооно
Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан
“Хүнсний дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтвортой байлгах асуудлыг хэлэлцлээ. Ялангуяа махны үнийг тогтвортой байлгах асуудал анхаарал татаж байгаа. Махны үнийн өсөлт огцом бий болсонтой холбогдуулан, хяналт шалгалтуудыг хийсэн.
Засгийн газраас энэ жилийн хувьд махны хангамжийн байдлыг тогтвортой байлгах чиглэлд анхаарч ажиллаж байна. Тавдугаар сарын 15-наас нөөцийн махны худалдааг эхлүүлж, зах зээлийн үнээс 40 орчим хувиар хямд үнээр Нийслэлд 127 чиглэлд борлуулж буй.
Махны үнийн өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь дулааны аргаар мах боловсруулдаг үйлдвэрүүд Нийслэлийн мах борлуулдаг цэгээс түүхий эдээ татдаг. Үүнээс үүдэж, үнийн өсөлт явагдсан. Тиймээс энэ байдлыг таслан зогсоохоор боллоо. Дулааны аргаар мах боловсруулж,экспортод гаргах БНХАУ-тай хийсэн протоколд итгэмжлэгдсэн лабораторид шинжлэгдсэн түүхий эдийг хэрэглэх гэрээний үүрэгтэй.
Гэтэл зах зээл дээрээс шууд түүхий эдээ бэлдэж байна. Эсвэл зах зээл рүү орох замд нь тосч түүхий эд бэлтгэж байгаа нь буруу юм. Энэ нь эрүүл ахуйн шаардлагыг ч хангахгүй байгаа юм. Тиймээс Засгийн газраас дулааны аргаар боловсруулж, экспортод гаргах махны хэмжээнд квот тогтооно.
Ингэхдээ тухайн жилийнхээ малын өсөлт, махны нөөцлөлтөөс үүдэж, жил бүр квотыг тогтоож байхаар холбогдох журамд өөрчлөлт оруулна. Мөн хонь, ямааны маханд квот тогтооно. Энэ чиглэлд Мэргэжлийн хяналтын байгууллага тэргүүтэй холбогдох байгууллагууд хяналтаа сайжруулж ажиллах шаардлагатай байгаа.
Мөн дотоодын зах зээл дээрх махны үнийн өсөлтийг хэвийн барих зорилгын хүрээнд нөөцийн махны хэмжээг нэмэгдүүлэхээр боллоо. Ирэх онд 15 мянгаас доошгүй тонн мах нөөцлөх зорилт тавьж буй. Өнгөрсөн жил дөрвөн мянган тонн мах бэлдсэн нь харьцангуй бага тоо юм.
Гурилын хангамжийн асуудлыг Засгийн газар хэлэлцсэн. Энэ талаар сайд "Яамнаас хийсэн судалгаагаар 100 мянга гаруй гурил үйлдвэрлэх боломжтой. Шинэ ургацын гурилтай золгох хүртэл гурилын хэрэгцээг дотоодоосоо хангана. Үнэ ханшийн хувьд ч гэсэн тогтвортой байна.
Төмс хүнсний ногооны хувьд зах зээл дээрх өнөөдрийн байдлаарх хангамж тогтвортой байна. Ирэх сараас зоорийн ургацууд гарах учраас харьцангуй тогтвортой байдлаар шинэ ургацтай золгоно гэж тооцоолж байна" гэв.
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өгсөн юм.
-Махыг эдийн засгийн эргэлтэд зохистой байдлаар оруулах тал дээр салбар яам хэрхэн анхаарч байна вэ?
-2018 онд 15 тонн махыг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Өнөөдрийн байдлаар 85 сая мал Монгол Улсын нутаг дэвсгэр дээр бэлчээрлэж байна. Тиймээс бид малаа эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай. Дотоодын зах зээлд үнийн түвшинг буулгах асуудал дээр салбарын яам бодлогын түвшинд анхаарч ажиллана.
-Өмнө нь нөөцийн махыг Нийслэлээс бэлддэг байсан. Яам оролцож байгаа нь зөв үү?
-Нөөц бага бэлдсэн явдал бол зах зээл дээрх махны үнийн өсөлтийг хянаж чадахгүй байдалд хүргэдэг. Өмнө нь нийслэл хариуцдаг байсан. Махны үнийн өсөлтийг салбар яам нь бодлогоор барихын тулд асуудлыг шилжүүлж авсан.
-Дулааны аргаар мах боловсруулж, экспортлогчдод шууд байдлаар хязгаар тавина гэсэн үг үү?
-Гол нь журам дүрэмд нь нийцүүлнэ.Хорьж цагдаад байгаа юм биш. Дотоодын зах зээл дээр махны эрэлт нэмэгдээд байхад экспорт явуулах нь зохимжтой арга биш. Улирлын байдлаар нь зохицуулалт хийнэ. Жилийн дүнгээрээ махны экспорт өсөхгүй.