“Явуулын оффис”-оор үйлчлүүлж, ажлаа шуурхай амжуулаарай
Иргэдэд төрийн үйлчилгээг илүү ойртуулах, түргэн шуурхай үйлчлэх, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шуурхай авах зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы хэлсний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Явуулын оффис” ажилуулж эхэлсэн тухай мэдээллийг бид өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбат ажиллаж, сэтгүүлчдэд мэдээлэл хүргэсэн юм. Тэрээр “Төрийн захиргааны болон үйлчилгээний байгууллагуудын төлөөллүүд, нийслэлийн агентлагуудын албан тушаалтнууд “явуулын оффис”-т хуваарийн дагуу ажиллаж, иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч, газар дээр нь судалж шийдвэрлэх, зөвлөгөө мэдээлэл өгөх болно.
Явуулын оффис ажиллаж байгаа тухайн байршилд иргэдээс гаргасан санал хүсэлт, үйлчилгээг шийдвэрлэсний дараа дараагийн байршилд очиж ажиллана. Иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлын хүрээнд тухайн дүүрэг, хорооны ямар байршилд очиж ажиллах, бүрэлдэхүүнд нийслэлийн аль байгууллагын хэн гэдэг албан тушаалтан ажиллах талаар мэдээллийг бид урьдчилан бэлтгэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан олон нийтэд хүргэнэ.
Иргэд та бүхэн энэ дагуу өөрийн амьдарч байгаа дүүрэг хороонд нь хүрч ажиллах “Нийслэлийн Засаг даргын явууллын оффис”-т хандаж, тулгамдсан асуудлаа шийдвэрлүүлэх, өргөдөл гомдлоо гаргах боломжтой болж байгаа юм” гэлээ.
Явуулын оффис энэ долоо хоногоос эхлэн урьдчилан мэдээлсэн хуваарийн дагуу ажлын өдрүүдэд 09.00-17.00 цагийн хооронд тодорхой байршлуудад очиж ажиллах бөгөөд 7712-0000 тусгай дугаар дээр иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч холбогдох албан тушаалтнууд болон Нийслэлийн Засаг даргад уламжлан ажиллахаар болжээ.
Мэдээллийн эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс