Тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэнэ
Энэ онд улсын хэмжээгээр 387.0 мянган га-д үр тариа, үүнээс 368.0 мянган га-д улаанбуудай, 32.0 мянган га-д малын тэжээл, 29.0 мянган га-д тосны ургамал, 13.8 мянган га-д төмс, 8.9 мянган га-д хүнсний ногоо,7.3 мянган га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 478.0 мянган га-д тариалалт хийх юм.
Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1560 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнийн тариалалтыг 490 гаруй аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж хангайн болон төвийн бүсэд 5 дугаар сарын 08-наас, бусад бүсүүдэд 05 дугаар сарын 12-ноос хаврын тариалалтын ажил эхлэв.
Хаврын тариалалтад зүтгэх хүчний трактор 3130, үр тарианы үрлүүр 2201, хөрс боловсруулах техник 5740, төмс, хүнсний ногооны үрлүүр 570 ажиллах бөгөөд тариалалтын ажлыг 14-21 хоногт багтаан гүйцэтгэх боломжтой.
05 дугаар сарын 28-ний байдлаар улсын хэмжээгээр 259,6 мянган га-д үр тариа, үүнээс 250,8 мянган га-д улаанбуудай, 9648 га-д төмс, 2773 га-д хүнсний ногоо, 6246 га-д тэжээлийн, 13824 га-д тосны ургамал, нийтдээ 292,1 мянган га-д тариалалт хийснээр үр тарианы тариалалтын явц 68,2 хувьтай, төмс 69,8 хувь, хүнсний ногоо 30,3 хувьтай явагдаж байна.
Хаврын тариалалтад зориулан 242 аж ахуйн нэгж, иргэнд 10.3 мянган тонн үрийн буудайг 30 хувийн, 383 аж ахуйн нэгж, иргэнд 1.57 мянган тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож буй.