Хар зайрмаг хүүхдэдээ бүү өг
Мэргэжлийн хяналтын байгууллагаас 3 тонн гаруй "Хар зайрмаг"-ийг хурааж, устгалд оруулсан байна. Мөн худалдаанд нийлүүлсэн бүтээгдэхүүнээ татан авах талаар үүрэг, чиглэл өгч, татан авалт хийсний дараа устгалд оруулах аж.
Учир нь эрүүл мэндэд тустай гэх тодотголтой “Хар зайрмаг”-т “Хүнсний нэмэлтийн ерөнхий стандарт, MNS САС 192-2015”-д тусгагдаагүй /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ будагч бодисыг ашигласан, нянгийн бохирдол илэрчээ.
Энэ төрлийн зайрмагийн орцонд ордог хүнсний нэмэлт /vegetable carbon Black буюу Уголь растительный Е-153/ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй тул импортыг түр хязгаарлалаа.
Нянгийн бохирдолтой холбогдуулан үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ариун цэврийн нөхцөлийг сайжруулах, түүхий эдийн сонголтод анхаарах талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөв.
Үүнтэй холбогдуулан импортоор оруулж ирж буй зайрмагт хяналт тандалт хийхэд эрүүл ахуйн аюулгүй үзүүлэлтийн шаардлагыг хангаж байгаа дүнтэй байна. Тухайн хүнсний нэмэлттэй зайрмагийг гурван компани импортолдог бөгөөд энэ онд 2 тонн импортлогджээ.
Цаашид хүнсний нэмэлт бүтээгдэхүүний стандартад нэмэлт өөрчлөлт оруулах, хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг бүртгэх асуудлыг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад тавьж, хамтран ажиллахаар төлөвлөөд байна гэж МХЕГ-аас мэдээллээ.