“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрийн ачаар 24000 хүүхэд эрүүл шүдтэй болжээ

Б.ТУУЛ

Хүүхэд өсвөр насныхны дунд элбэг тохиолдож байгаа шүд цоорох өвчнийг эрт оношилж, эмчлэн эрүүлжүүлэхгүй бол цаашид олон өвчний үндэс суурь болох эрсдэлтэй учраас Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг дөрөвдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд 2-12 насны хүүхдийн дунд амны хөндийн эрүүл мэндийн өвчнийг илрүүлэн, эмчлэх иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх юм.

Өнгөрсөн сарын 25-ны байдлаар тус аян хэрэгжиж эхэлснээс хойш  энэ сарын эхээр 24 мянган хүүхэд эрүүл шүдтэй болжээ гэсэн тоон мэдээллийг шүдний эмнэлгүүд өгч байгаа нь олон хүнд таатай сонсогдож байна.

Энэ хөтөлбөр нь 2019-2023 он хүртэл хэрэгжих бөгөөд  02-12 насны хүүхдийн шүдийг бүрэн эмчилж эрүүлжүүлэн, шүдний цоорлыг 30 хувиар бууруулах зорилготой юм. Эхний ээлжинд  02-6 насны хүүхдүүдийг энэ оныг  дуустал уг хөтөлбөрт хамруулахаар тусгасан байна.

Уг хөтөлбөрт  хувийн хэвшлийн 199 эмнэлэг хамрагдахаар шалгарсан бөгөөд нийслэлийн хэмжээнд  118 нь сонгогджээ. Эцэг, эхчүүд  хүүхдээ “Эрүүл шүд-эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамруулж эмчлүүлэхийн тулд харъяа дүүргийнхээ сонгон шалгарсан эмнэлэгт хандан үнэ төлбөргүйгээр амны хөндийг нь бүрэн эмчлүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Энэ нь нөгөө талаараа хувийн эмнэлгүүдэд ажил үйлчилгээгээ сайжруулах, үйлчлүүлэгчдээ татах бас нэгэн том сонгон шалгаруулалт болж байгаа юм. Нөгөөтэйгүүр, бага насны 1-3 хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхдийнхээ эрүүл мэндэд улсын дэмжлэгтэйгээр чамлахааргүй хөрөнгө оруулалт хийж байгаа томоохон боломж юм.

Эрүүл мэндийн сайдын баталсан  “Амны хөндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эмчилгээг зохион байгуулах ажлын удирдамж”-д зааснаар  2019 онд эхний ээлжинд 2-6 насны хүүхэд уг хөтөлбөрт  нэг удаа хамрагдах бөгөөд зайлшгүй шаардлагатай тохиолдолд 7-12 насны хүүхэд хамрагдах боломжтой юм.

Хөтөлбөр эхлээд удаагүй ч эцэг, эхчүүд болон хувийн эмнэлгүүдийн аль аль нь энэ үйлчилгээний явцад сэтгэгдэл өндөр байна. Тухайлбал, шүд хорхойтохоос урьдчилан сэргийлэх эрдэсжүүлэг түрхлэгийг 929 хүүхэд, араа шүдний төрөлхийн ховил, хаах зориулалтын материалаар битүүлж хаах эмчилгээг 947 хүүхэд, шүдний сувгийн эмчилгээг 911 хүүхэд, шүдний цоорол зогсоох түрхлэгийг 1684 хүүхэд, цоорол эмчлэх тусламж үйлчилгээг 283 хүүхэд, шүд авахуулах тусламж, үйлчилгээг 732 хүүхэд авсан байна.

“Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөрт хамрагдсан есөн дүүргийн хувийн эмнэлэгүүд ажлын цагтаа багтаан 2-6 насны хүүхдэд амны хөндийн тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлсээр байна.

 

“Хэдэн жилийн дараах их өвчлөлийг бууруулах том алхам”

 

Хүүхдийн шүд өвчтэй байх нь 200 гаруй өвчний суурь болдог гэдгийг та өмнө нь сонссон байх. Тиймээс хүүхдийн шүдний өвчлөлийг бууруулахад хүн бүрийн оролцоо чухал гэдгийг эмч нар хэлж байна. Учир нь, улсын хэмжээнд 5-6 настай хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт 94 хувь, 12 настай хүүхдийн дунд 84 хувьтай байна.

Манай улсын хүн амын дунд сүүлийн үед эрчимтэй тархаж байгаа шүд цоорох өвчин нь ихэвчлэн бага насны хүүхдийг түлхүү хамарч байгаа нь тулгамдсан асуудлын нэг болж байгааг албаныхан хэлж байв. Тэр дундаа хүүхдийн шүдний цоорол болон эрчим нь чих хамар хоолойн үрэвсэлт өвчнүүд, амь насанд аюултай эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлүүдийн шууд шалтгаан болоод зогсохгүй хүүхдийн суурь өвчлөлүүд, амьсгалын замын өвчлөлүүдийн дам шалтгаан болдогийг эмч мэргэжилтнүүд анхааруулсаар байна.

Тиймээс улсын хэмжээнд хэрэгжиж буй “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” хөтөлбөр нь “Хэдэн жилийн дараах их өвчлөлийг бууруулах том алхам” болно хэмээн  талархан хүлээж авах гэр бүл олон байна. Иймд нийслэлд сонгон шалгаруулатад тэнцсэн эмнэлгүүд дээрх хөтөлбөрийн дагуу 02-6 насны хүүхдүүдийг хэрхэн эмчилж байгаа талаар зарим эмнэлгээс асууж, тодруулсан юм.

“Miracle’’ эмнэлэг: Улсаас өгсөн зардал бага ч бид эмчилгээгээ гүйцэд хийнэ

-Бид үйл ажиллагаагаа дөрөвдүгээр сарын  22-ноос эхлүүлсэн.Одоогийн байдлаар 02-6 насны 40 орчим хүүхэд эмчлүүлээд байна.Тавдугаар сарын 1-ныг хүртэл дүүрэг харгалзахгүй хүүхдүүдээ эмчилсэн. Харин дээрх хугацаанаас хойш харьяалалын дагуу цаг өгч тухайн хүүхдийг эмчилнэ. Эрүүл мэндийн даатгалын сангаас нэг хүүхдэд 60 мянган төгрөгийн хувьсах зардал өгч байгаа  ч ихэнх хүүхдүүдэд энэ хэмжээнээс давсан эмчилгээ хийж байгаа.

Хүүхдүүдийн ихэнх нь хоёроос дээш шүдний цооролд сувгийн эмчилгээ хийлгэж байна. Зарим нь бүр шүднийнх нь тал хувь нь эмчилгээтэй байна. Манай эмнэлгийн хувьд,  нэг шүдний сувгийн эмчилгээг 50 мянган  төгрөгөөр хийдэг. Гэсэн ч бид улсаас өгсөн зардалд тааруулахгүйгээр нэг хүүхдийн шүдийг эмчилж эхэлсэн бол бүрэн гүйцэд эрүүлжүүлэх үүрэгтэй. Энэ дагуу л ажиллаж байна. Эцэг эхчүүд маш их сэтгэл хангалуун үйлчлүүлж байгаа.

 “UB dent”’ эмнэлэг: Нэг хүүхдийн 2-3 шүд өвчтэй байна

 

-Манай эмнэлэг дөрөвдүгээр сарын 11-нээс 02-6 настай хүүхдийг үзэж, эмчилж эхэлсэн. Учир нь, хөтөлбөрт хамрагдах батламжаа аваагүй ч дээрх хугацаанаас эмчилгээгээ эхлээрэй гэсэн чиглэл өгсөн байсан. Одоогоор өдөрт 20 орчим, нийтдээ 140-150 хүүхэд үзэж, эмчлээд  байна. Ерөнхийдөө ачаалал ихтэй, тавдугаар сарын 15-ныг дуустал цаг дууссан. Мэдээж, 60 мянган төгрөгт  багтаж хийгдэх  эмчилгээ бага.

Хамгийн доод тал нь 2-3 шүд өвчтэй байдаг. 30-40 хүүхдээс нэг хүүхэд л эрүүл шүдтэй байна. Эрүүл шүдтэй хүүхдэд хамгаалах түрхлэг түрхэж байгаа. Зарим хүүхдэд 300-400 мянган төгрөгийн эмчилгээ шаардлагатай ч байна.Гэхдээ бид улсаас өгсөн үнийн дүнд  баригдалгүй амны хөндийг бүрэн эрүүлжүүлж өгнө.

Эх сурвалж: www. news24.mn