Цагдаа шалгахаас өмнө татвараа амжиж төлөөрэй
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хууль болон Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн дагуу тээврийн хэрэгслийн эзэмшигч албан татвар төлдөг. Хувь хүн нь авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн жилийн албан татварыг жилд нэг удаа харьяалах татварын албанд төлөх ёстой.
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор 1, 6-гийн тоогоор төгссөн автомашины улсын дугаартай жолооч нэгдүгээр сард, 2, 7-гийн тоогоор төгссөн бол хоёрдугаар сард, 3, 8-ын тоогоор төгссөн бол гуравдугаар сард, 4, 9-ийн тоогоор төгссөн бол дөрөвдүгээр сард, 5, 0-ийн тоогоор төгссөн бол тавдугаар сард албан татвар, агаар бохирдуулсны төлбөр, зам ашигласны төлбөрөө төлөх заалттай. Заасан хугацаанд татвараа төлөөгүй автомашины жолоочид цагдаагийн байгууллагаас торгуул ногдуулдаг.
Хэрэв заасан хугацаандаа багтааж тээврийн хэрэгслийнхээ татварыг төлөөгүй бол цагдаагийн байгууллагын ажилтан зогсоож, шалгахаас өмнө амжиж татвараа төлөөрэй. Дүүргүүдийн татварын хэлтэс болон “Дүнжингарав” худалдааны төв дэх “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”, “Авто худалдааны цогцолбор”-т очиж тээврийн хэрэгслийн татвараа төлөх боломжтой юм. Мөн авто тээврийн хэрэгсэл эзэмшигч нь ухаалаг утасны SMARTCAR аппликейшн болон компьютерээс www.smartcar.mn цахим хуудсанд хандаж, цаг заваа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, зам ашигласны төлбөр зэргээ төлөх боломжтой.