"Цэнхэр залаа"-г эгшиглүүлсэн ятга Монголын Рок музейд бий
Монголын анхны мэргэжлийн ятгачдын нэг, Урлагийн Гавьяат зүтгэлтэн, ОХУ-ын Төрийн шагналт, Буриад улсын Ардын жүжигчин Бадамгаравын Наранбаатар ЗХУ-ын Москвагийн Их театрын тайзнаа 1969 онд Пётр Ильич Чайковскийн “Хунт нуур”-ын аялгууг Цэрэнбат, Эрдэнэхуяг, Батсайхан нарын хамтаар тоглож ОХУ-ын үзэгчдийг байлдан дагуулж явсан түүхтэй. Дэлхийн хөгжимчин бүрийн мөрөөдөлд Их театрын тайз байдаг гэх. Энэ л хэдэн ятгачин залуус түүний удирдлагаар 1970 онд монголын анхны гитарын хамтлаг байгуулсан нь “Соёл-Эрдэнэ” нэртэй болсон гэдэг.
Ятгачин залуус түүний удирдлагаар 1970 онд монголын анхны гитарын хамтлаг байгуулсан нь “Соёл-Эрдэнэ” нэртэй болсон гэдэг
Ятга хөгжмөөр 1973 онд БНАГУ-ын нийслэл Берлин хотод болсон Дэлхийн залуучууд оюутны X их наадмын гоцлол хөгжимчний төрөлд алтан медаль хүртсэн Б.Наранбаатар алдарт “Цэнхэр залаа”-гаа (МУУГЗ С.Баатарсүхийн хөгжим) тоглож бичүүлсэн домогт ятга хөгжмөө 2015 оны 9-р сарын 6-ны өдөр Монголын Рок музейд үүрд хадгалуулахаар хүлээлгэн өгчээ. Энэ нь тус музейн маш үнэ цэнэтэй, ховор нандин үзмэрүүдийн нэг юм.