Биеийн эсэргүүцэл сайн бол сүрьеэгээс айх хэрэггүй
Энэ өвчнөөр хэн ч өвчилж болно
"Сүрьеэ"-сүрьеэгийн савханцар гэгдэх нянгаар үүсдэг халдварт өвчин. Ихэнх тохиолдолд (70%) уушгийг гэмтээдэг ч бусад аль ч эрхтэнг гэмтээж болно. Энэ өвчнөөр хэн ч өвчилж болно. Учир нь ханиад томуутай ижил амьсгалын замаар халдварладаг юм. Сүрьеэгээр гэмтдэггүй эрхтэн гэж байдаггүй ч өвчилсөн хүмүүсийн ихэнх нь уушигны сүрьеэгээр өвчилдөг байна. Уушигны сүрьеэгээр өвчилсөн, цэрэнд нь сүрьеэгийн нян байгаа хүмүүс энэ өвчний халдварыг тараадаг байна. Тэдний ханиалгах, найтаах, цэрээ хаях, тэр байтугай ярих , дуулахад ч сүрьеэгийн нян агаарт цацагдан бохирдсон энэ агаараар нь амьсгалсан хүмүүс сүрьеэгийн халдвар авдаг. Гэхдээ энэ агаараар амьсгалсан хүн бүр халдвар авахгүй.
Сүрьеэгийн халдвар болон өвчлөлийн ялгаа, өвдсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх, урьдчилан сэргийлэх эмчилгээнээс гадна үндсэн эмчилгээ гэж юу болох, эрт илрүүлэлт, үзлэг шинжилгээнд хэрхэн хамрагдах талаар Сүхбаатар дүүргийн Сүрьеэгийн диспансерийн зохицуулагч эмч Г.Ганпүрэв зөвлөснийг хүргэе.
Цэрний шинжилгээ нь уушгины сүрьеэг оношлох хамгийн найдвартай арга
Халдвартай сүрьеэтэй хүний гэр бүлийнхэн халдвар авч, биеийн эсэргүүцэл суларсан үедээ өвчлөх аюултай. Харин нийтийн унаа юмуу олон нийтийн газарт сүрьеэтэй хүн ханиалгаж байвал тэр хүнээс халдвар авах нь бага байдаг. Мөн сүрьеэгийн нян аяга таваг, өмссөн хувцас зэргээр дамжин халдварлахгүй. Сүрьеэ өвчнийг уушгины ба уушгины бус сүрьеэ гэж ангилна. Уушгины сүрьеэ 70%-ийг эзлэх бөгөөд дотор нь түрхэц эерэг, түрхэц сөрөг гэж хуваадаг. Танд 2 долоо хоног, түүнээс дээш хугацаагаар ханиалгах, цээжээр өвдөх, цустай цэр гарах, хөлрөх, халуурах, шалтгаангүй турах, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа аймаг, дүүргийнхээ сүрьеэгийн эмчид хандаж, цэрний шинжилгээ өгнө үү. Цэрний шинжилгээ нь уушгины сүрьеэг оношлох хамгийн найдвартай арга юм.
Сүрьеэгийн халдвар авсан хүмүүст ямар ч зовиур мэдэгдэхгүй, бусдад халдвар тараах аюулгүй бөгөөд насан туршдаа ч сүрьеэгээр өвдөхгүй байж болно
“Халдвар авсан” гэдэг нь сүрьеэгээр “өвчилснөөс” ялгаатай юу?
Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн хүний цэртэй хамт сүрьеэгийн нян гадагш цацагдан агаарыг бохирдуулж энэ агаараар амьсгалсан хүмүүс “сүрьеэгийн халдвар“ авдаг гэдгийг ойлгосон байх. Тэгвэл нянгаар бохирдсон агаараар амьсгалснаар сүрьеэгийн нян хүний биед орж тухайн хүний хамгаалах чадварт дийлдэн “унтаа” байдалд шилжин хадгалагдана. Ийм тохиолдолд сүрьеэгийн “халдвар” авсан байна гэдэг. Сүрьеэгийн халдвар авсан хүмүүст ямар ч зовиур мэдэгдэхгүй, бусдад халдвар тараах аюулгүй бөгөөд насан туршдаа ч сүрьеэгээр өвдөхгүй байж болно.
Биеийн эсэргүүцэл сулрахад “унтаа” нянгууд сэрж эд эрхтэнг гэмтээж эхэлнэ
Сүрьеэгийн халдвар авсан эсэхийг тодорхойлох арга нь сүрьеэгийн сорил юм. Хэрэв хоол унд дутмаг, сэтгэл санаагаар унах, бусад халдварт өвчнөөр өвчлөх, архи тамхи тогтмол хэрэглэх, ядрах нэг үгээр хэлэхэд хүний биеийн эсэргүүцэл сулрахад “унтаа” нянгууд сэрж эд эрхтэнг гэмтээж эхэлнэ. Энэ тохиолдолд сүрьеэгээр өвчилсөн байна гэж хэлдэг. Ажил амралтаа зөв зохицуулж, тогтмол хооллож, архи тамхи хэрэглэхгүй байвал биеийн эсэргүүцэл сулрахгүй. Биеийн эсэргүүцэл сайн бол сүрьеэгийн аюулаас айхгүй байж болно.