Монгол, Францын 60 жилийн ойн анхны өдрийн марк нээлтээ хийлээ
Монгол Улс, Бүгд найрамдах Франц Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд “Монгол шуудан” компанитай хамтран гаргаж буй шуудангийн маркийн анхны өдөр болон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр Гадаад харилцааны яаманд болов.
Энэхүү үйл ажиллагаанд УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Францын парламентын найрамдлын бүлгийн дарга Б.Пүрэвдорж, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг, БНФУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Коринн Пэрера, “Монгол шуудан” компанийн гүйцэтгэх захирал Г.Тэлмэн, Улаанбаатар дахь дипломат төлөөлөгчийн газрын тэргүүд, олон улсын байгууллагын төлөөлөл, ахмад дипломатууд болон Монгол, Францын харилцааг өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүндэт зочид оролцов.
Гадаад улстай дипломат харилцаа тогтоосны тэгш ойг тохиолдуулан Гадаад харилцааны яам, “Монгол шуудан” компанитай хамтран дурсгалын маркийг бүтээж, хэрэглээнд нэвтрүүлдэг уламжлалтай. Мөн дипломат харилцааны ойг тэмдэглэх хүрээнд Олон улс судлалын хүрээлэн, Монгол, Францын найрамдлын нийгэмлэгтэй хамтран “Монгол, Францын харилцааны нэгэн жаран” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг “Зөвшилцөл” танхимд зохион байгууллаа. Мөн Монгол Улс, БНФУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулсан “Монгол, Францын харилцааны нэгэн жаран” эрдэм шинжилгээний хурал боллоо.
Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Х.Бэхбат “Өнөөдөр бид Монгол, Францын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тэмдэглэж байна. Энэ ойг тэмдэглэхдэээ цуврал үйл ажиллагаа зохион байгуулж байна. Эрдэм шинжилгээний хурлаар Монгол, Францын харилцааны өнгөрсөн, одоо, ирээдүйн байдал ямар байх талаар санал солилцож, шинэчилж судалсан судалгаанд илтгэл тавилаа. Хоёр талын харилцааны өнгөрсөн түүхд дүн шинжилгээ хийж улс төр, соёл боловсрол, шинжлэх ухаан техник салбар бүрийн хүрээнд болж байна. Манай улс Францыг гуравдагч хөршөө гэж үздэг. Ази дахь өндөр дээд түвшинд солилцсон айлчлалыг харахын бол Францын тал манай улстай харилцаагаа хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгч байна. Ойн хүрээнл монгол маркийн нээлт болж, анхны дугтуйд гарын үсэг зурлаа. Улсын хэмжээнд үнэлэгдэхүйц марктай болжээ. 60 жилийн түүхийг үзүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэнд ховор түүхийн баримт бичгийн үзүүлж байна. Марк нь Монголын эзэнт гүрний хаад ноёдууд Францын хаадтай санал солилцож байсан захидлын хуулбар юм. XIII зуунд Францын вангийн элч болж Рубрук Хархоринд очиж Мөнххааны дэргэд хэдэн сар болж байсан түүх бий. Мөн тэр үед Хархорин хотод мөнгөн модыг Францын уран дархан бүтээж байсан” хэмээн ярилаа.
Монгол, Францын хооронд 1965 оны энэ сарын 27-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тэгш ойн хүрээнд энэ жилийн турш Улаанбаатар, Парис хотод цуврал үйл ажиллагааг зохион байгуулах юм.