Дэлхийн хамгийн том баялгийн сан 40 тэрбумын алдагдал хүлээжээ

Технологийн компаниудын хувьцааны ханшийн уналтын улмаас дэлхийн хамгийн том баялгийн сан болох “Norges Bank Investment Management” /NBIM/ эхний улиралд 415 тэрбум крон буюу 40 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн тухайгаа пүрэв гарагт мэдэгджээ.

“Өнгөрсөн улиралд гарсан зах зээлийн хэлбэлзэл үүнд нөлөөллөө. Бид алдагдалд орсон нь технологийн салбараас ихээхэн шалтгаалсан” гэж тус сангийн гүйцэтгэх захирал Николай Танген хэлсэн байна.

Хөрөнгө оруулалтынхаа 70 хувийг хувьцаанд байршуулсан тус сангийн үнэлгээ гуравдугаар сарын эцэст 18.53 их наяд крон болж, 1.6 хувийн алдагдал хүлээжээ. NBIM нь Норвегийн ард түмний нэрийн өмнөөс уг санг удирддаг байна. 1990-ээд онд Норвегийн газрын тос, байгалийн хийн салбараас олсон илүүдэл орлогыг өсгөж үржүүлэх зорилгоор байгуулагдсан тус сан одоогоор 63 орны 8600 гаруй компанид хөрөнгө оруулалт хийж байна.

Тус сан Meta, Alphabet, Amazon, Nvidia, Tesla болон Microsoft-ын томоохон хувьцаа эзэмшигч тул төлөөлөгчид нь АНУ-ын технологийн томоохон компаниудад албан тушаал хашдаг. Технологийн салбарын ханшийн уналтын талаарх  NBIM-ийн мэдэгдэл нь Д.Трампын тарифын бодлоготой холбоотой болгоомжлолын улмаас компаниудын хувьцааны ханш унаж буй үед гарлаа.

Энэхүү уналт нь Хятадын DeepSeek компанийн бүтээсэн хиймэл оюун ухааны загвар гарч ирснээс үүдэн нэгдүгээр сард тохиосон технологийн компаниудын хувьцааны ханшийн уналтаас эхлэлтэй юм. Олонд танигдаагүй уг гарааны компани  өөрийн загвараа OpenAI-ийн ChatGPT зэрэг салбартаа тэргүүлэгч Америкийн компаниудын гаргасан зардлаас хамаагүй бага зардлаар бүтээсэн гэж мэдэгдсэн нь Nvidia зэрэг компаниудыг ихээхэн алдагдалд оруулжээ.

2024 онд хиймэл оюун ухаан үсрэнгүй хөгжиж, технологийн компаниудын хувьцааны ханш өссөнөөр тухайн онд 222 тэрбум ам.долларын ашиг олсон гэдгээ NBIM энэ оны эхээр мэдэгдэж байв.  

Эх сурвалж: ОСЛО /CNBC/. 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.215.209)