“Хэро энтертайнмэнт” шинэ цувралаа эхлүүлжээ
“Монголыг бүтээлцэж буй эрхмүүд” нэртэй хөрөг нэвтрүүлэг “Монгол HD” телевизээр гарч олон нийтийн хүртээл боллоо. Энэ нэвтрүүлэг нь Ардчилсан хувьсгалаас хойшхи, Монгол улсын сүүлийн 30 жилийн эдийн засаг-улс төрийн үйл явц, нийгмийн өөрчлөлт, хувиралд гар бие оролцсон хувь хүмүүс, улс төрчид, бизнес эрхлэгчдийг оролцуулж, хийж буй ажил үйлсийнх нь ололт амжилт ба алдаа онооны нь талаарх өөрсдийн нь байр суурь, сэтгэгдэл, дурсамжуудыг харуулах зорилготой ажээ.
Тус студийн өмнөх цуврал буюу “Монгол тулгатны 100 эрхэм” бол түүхчилсэн, намтарчилсан, хөрөг бүтээл бол энэ шинэ цуврал буюу “Монголыг бүтээлцэж буй эрхмүүд” нь илүүтэй орчин цагийн, хараахан түүх болж амжаагүй чалдаа оноо нь нийгмийн хөгжилд ихээхэн нөлөө үзүүлсэн үйл явцуудыг голлон харуулах ажээ.
Энэ цувралын анхны дугаар нь “Үндсэн хуулийн өөрчлөлт” түүнд оролцогчдын олон талт байр суурийг харуулсан бол хоёрдугаарх нь Монгол улсын хөгжилд зам тээврийн салбар ямар ач холбогдолтой болох, энэ салбарт хэн, ямар зорилготой ажиллаж, юуг бүтээж байгааг харуулж, цаашид баримтлах бодлого чиглэл ямар байвал зохих талаар хөнджээ.
Харин шинэ цувралыг гарсны дараа “Монгол тулгатны 100 эрхэм” цувралтай андуурагдах тохиолдол гарсан байна.
“HERO Entertainment”-ын бүтээл “Монгол тулгатны 100 эрхэм” хөрөг нэвтрүүлэг нь Монгол үндэстний түүхэнд тэмдэглэгдэж үлдсэн үйлстэнгүүдийн дотоод ертөнц, бие хүний дурдатгалыг үзэгчдэд хүргэдэг бол дээрхи шинэ нэвтрүүлэг нь ид бүтээж хийж буй эрхмүүдийг үзэгчдэд таниулах ялгаатай зорилготой ажээ.
Х.Цэлмэг