Дэлхийд данстай Монгол жүжигчид
Сүүлийн жилүүдэд манай улсын кино уран бүтээлчид гаднын уран бүтээлчидтэй хамтран ажиллах нь ихэссэн.Ихэнхдээ үндэстнийхээ хэв шинжийг илтгэсэн бүтээлүүдэд дүрээ мөнхлөн эх орноо, их түүхээ сурталчилж байгаа тэдний тухай энэ удаад онцлон хүргэж байна.
Хятадын зах зээлийг эзэгнэгч
Азид, тэр дундаа Хятадад хэдийнэ данстай болсон нэгэн бол жүжигчин Р.Анхням. 2010 онд “Гаадаа Мээрин” хэмээх кинонд гол дүр бүтээж олны анхааралд өртөж байсан тэрбээр түүний дараа Оскарын шагналт, дэлхийд нэртэй Франц найруулагчийн бүтээл “Чонон сүлд” киноны Галсмаа бүсгүйн дүрийг бүтээсэн. Тэрбумаар тоологдох хүн амтай улсад энэ хэмжээний кино уран бүтээлүүдэд гол дүр бүтээх нэгэн болж сонгогдоно гэдэг тийм ч амар зүйл биш.Харин тэрбээр гурван кинонд гол дүр бүтээсэн. Түүний хамгийн сүүлд тоглосон “Song Of Love” кино арваннэгдүгээр сарын 21-нээс эхлэн бүх хятад даяар нээлтээ хийсэн. Бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн тус кинонд тэрбээр Шанхайгаас ирсэн 3000 хүүхдээс 28-ыг нь өргөн авч өсгөсөн Дунгаамаа хэмээх Өвөрмонгол бүсгүйн дүрийг бүтээсэн байна.
“Netflix”, “Warner Bros” ердөө л эхлэл...
Хүдэр чийрэг бие, хүнгэнэсэн дуу хоолойгоороо жүжигчид дундаас эрхгүй ялгардаг жүжигчин Д.Цэрэнболд олон улсын кино найруулагчдын хараанд ч торох юмгүй өртжээ.“Netflix”-ийн бүтээсэн Марко Поло кинонд Чингис хааны дүрийг, "Warner Bros" кино компанийн “Burn Your Maps” кинонд зайрангийн дүрийг бүтээсэн байдаг.Мөн үүгээр зогсохгүй Казахстан улсын “Рекитер” киноны найруулагч Аханом Сатаевын найруулсан кинонд Галданцэрэн хааны дүрийг бүтээсэн бөгөөд тус улсын төв телевизээр цацагдсан арван анги бүхий сериалд дүр бүтээсэн. Харин тэрбээр хамгийн сүүлд Украйн болон АНУ-ын уран бүтээлчдийн хамтран бүтээж буй “The Rising Hawk” буюу “Дүүлэн нисэх шонхор” хэмээх кинонд дүр бүтээжээ. Ирэх онд нээлтээ хийх тус киноны үйл явдал тэртээх 1241 онд өрнөх аж.Тэрбээр эдгээр кинонуудад дүр бүтээснээ ердөө л эхлэл хэмээн тайлбарлажээ.
Хожуу танигдсан Монгол бүсгүй
Холливудын алдарт жүжигчин Жонни Депптэй хамтран "Waiting for the Barbarians" кинонд дүр бүтээсэн жүжигчин Б.Ганчимэг хэмээх бүсгүй эх орондоо саяхнаас танигдаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Өмнө нь “Ex Machina”, “Wonder Women”, “Sweet Lies” зэрэг өндөр үнэлгээтэй кино бүтээлүүдэд дүр бүтээж байсан тэрбээр загварын салбарт ч мөн өндөр амжилттай яваа нэгэн.
Тэр дэлхийн эмэгтэй
Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг “Дэлхийн мисс”-т эх орноо төлөөлөн оролцож өндөр амжилт гаргасан загвар өмсөгч А.Баярцэцэг жүжигчин мэргэжилтэй нэгэн.“Netflix”-ийн бүтээсэн Марко Поло кинонд дүр бүтээж байсан тэрбээр Монгол гаралтай гэгддэг жүжигчин, найруулагч Стивен Сигалын “Attrition” кинонд ч мөн дүр бүтээсэн.Жүжигчин бүсгүй мөн Тайландын “Nipan” студийн бүтээх “Warriors of Amazon” кинонд хөлсний тулаанчийн дүр бүтээхээр болсон.Киноны зураг авалт энэ зун эхлэх байсан ч тодорхой шалтгааны улмаас ирэх оны зун хүртэл хойшлоод байгаа аж.АНУ-д жүжигчний мэргэжлээр суралцдаг тэрбээр “Холливуд хол биш ч дотор нь ороход амаргүй” хэмээсэн байна.Тэгэхээр дээрх уран бүтээлчдийн хөдөлмөр, ур чадвар дэлхийн шилдгүүдийн өрсөлдөөн дундаас торойн гарч ирсээр буйн баталгаа энэ ажээ.
Дотоод сэтгэлийн хүчийг мэдрүүлэгч
Монголын кино урлагт өөрийн гэсэн орон зай, өнгө төрхийг бий болгосон гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав Францын уран бүтээлчидтэй хамтран "Un Monde Plus Grand" кинонд дүр бүтээсэн. Монгол Улс, тэр дундаа Хөвсгөл аймгийн Улаан тайгад ихэнх зураг авалтаа хийсэн тус кинонд Д.Цэрэндарьзав удган эмэгтэйн дүрийг бүтээсэн байна.Киноны нээлт өнгөрөгч аравдугаар сарын 30-нд болж өндөрлөсөн.Тун ч дотортой жүжигчин хэмээх тодотголын эзэн болсон түүнийг уг дүрд тоглуулахаар сонгосон нь мэргэн сонголт гэлтэй.
Хүүхдүүдэд ч боломж бий
АНУ-ын алдарт “Nickelodeon” сувгийн бүтээл “All That”инээдмийн цувралд Монгол хүү дүр бүтээдэг. Өнгөрөгч зургаадугаар сараас эхлэн цацагдаж эхэлсэн тус цувралд тоглосон 13 настай С.Чингүүн хүү 12-15 насны 20 мянга гаруй хүүхдээс шалгаран гол дүр бүтээсэн авьяастай нэгэн. Тус кино хамгийн анх 1994 онд үзэгчдийн хүртээл болж байсан.Харин үүнээс хойш 25 жилийн дараа шинэчлэгдэн ийнхүү үзэгчдийн хүртээл болоод байгаа тус кино IMDB дээр 7.5 гэх үнэлгээг авчээ.С.Чингүүний анхны дүр энэ биш. Есөн настайдаа ч мөн нэгэн кино бүтээлд дүр бүтээж байсан тэрбээр Чикаго хотын Залуучуудын чуулга болон “Laugh out loud” театрын үндсэн уран бүтээлчээр ажилладаг байна.
Азийн шилдэгт дүрээ мөнхлөгч
Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Ариунбямбын тоглосон "The Longest Day in Chang’an" хэмээх Хятадын түүхэн цуврал өнөөдрөөс эхлэн манай улсын үзэгчдийн хүртээл болж буй билээ.Нээлтээ энэ оны зургаадугаар сард хийсэн тус кино Ази болон Европын үзэгчдээс өндөр үнэлгээ авч шилдэг кинонуудын жагсаалтыг тэргүүлсээр буй.Тус кинонд С.Ариунбямба түрэгийн сайн дурын шилдэг 50 баатрын дэд даамал болох Ма Гэ Ар хэмээх эсрэг дүрийн баатрын дүрийг бүтээсэн байна.
Холливуд стандартыг Монголд тогтоогч
Холливудын уран бүтээлчдийн хийсэн “Марко Поло” уран сайхны кинонд Аригбөхийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Амарсайханыг энд дурдалгүй өнгөрч боломжгүй. Өөрийнхөө нэрийг брэнд болгож чадсан цөөхөн жүжигчдийн нэг тэрбээр Холливуд стандартыг Монголд хэрэгжүүлэгчдийн нэг. Эхнэрийн хамтаар улаан хивсний ёслол дээр үндэсний хувцастайгаа алхсан түүний “Mongolian Connection” бүтээл уг стандартын дагуу бүтсэн бүтээл. Цаашдаа олон уран бүтээл хийж дэлхийн тавцанд гаргах зорилго өвөрлөн байгаа түүний хувьд энэ ердөө эхлэл.
Түүнд туршлага бий
Холливудын алдартнуудын дараагийн сонголт гавьяат жүжигчин Д.Гүрсэд байлаа.Сэтгэлд хүрсэн олон дүрийн эзэн тэрбээр жүжигчин Жонни Депп, Роберт Паттинсон зэрэг алдартнуудтай хамт "Waiting for the Barbarians" кинонд тоглосон байна. Тус киноны зураг авалт Марокко болон Итали, Чили зэрэг улсуудад явагдсан.Мөн дээр дурдсанчлан тус кинонд Б.Ганчимэг хэмээх Монгол эмэгтэй ч дүр бүтээсэн юм. Нобелийн шагналт зохиолч Ж.Максвелл Күтзигийн "Зэрлэгүүдийг хүлээхүй" романаас сэдэвлэн бүтээсэн тус киноны продюсероор жүжигчин Жонни Депп ажилласан байна.
Эx сурвaлж: Zindaa.mn