Д.Эрдэнэбат: Булган аймгийг Орхон аймагтай нэгтгэж нэг тойрог болгох нь зөв
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Орон нутгийн 20 тойргоос 52, нийслэлийн есөн тойргоос 24 гишүүн сонгохоор тогтоолын төсөлдөө тусгаад байгаа юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, хариулт авч байна.
Д.Эрдэнэбат: Ямар шалтгаанаар нийслэлийн мандатыг хасч орон нутагт шилжүүлж байгаа юм бэ. Мөн Дорнод хүн ам ихтэй хэрнээ хоёр, түүнээс цөөхөн хүн амтай Хэнтий гурван мандаттай байгаа юм бэ. Түүнчлэн Говьсүмбэрийг Дундговьтой нийлүүлсэн шиг Булган аймгийг Орхон аймагтай нийлүүлж болох байсан. Энэ мэтээр орон нутгийнхаа мандатад зохицуулалт хийгээд нийслэлээс хасахгүй байж болно.
С.Бямбацогт: -Улаанбаатар хотын зургаан дүүргийн мандатаас жигд хассан. Ингээд нэг мандаттай аймгуудыг хоёр мандаттай болгосон. Мөн алслагдсан гурван дүүргээ нэгтгээд хоёр мандаттай болгосон юм. Булган аймаг 42 мянган сонгогчтой. Гэтэл Говьсүмбэр 11, Дундговь 30 орчим мянган сонгогчтой. Тэгэхээр Булган аймгийг Орхонтой нийлүүлэх боломжгүй. Хэнтий аймгийн тухайд өмнөх сонгуулиар гурван мандаттай болсон. Үүнийг хэвээр нь үлдээж байгаа.