Таван шинэ аваргатай УАШТ-д “Алдар”-ынхан өнгөлөв

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 62, эмэгтэйчүүдийн 27 дахь удаагийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний аваргууд тодорлоо. Уг тэмцээнийг “Москва-1980” олимп болон “Мехико-1978” ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын 12 удаагийн аварга, гавьяат тамирчин Д.Оюунболд агсны нэрэмжит болгосноороо онцлогтой. Лос Анжелесын олимпын циклийн эхний УАШТ-д  22 байгууллагын эрэгтэй, эмэгтэй нийт 265 тамирчин 10 жинд өрсөлдөхөд багийн дүнгээр “Алдар” спорт хорооны эрэгтэй, эмэгтэй баг тэргүүлсэн бол “Баянгол Аваргууд академи”, “Хилчин”-ийхэн удаалав. Энэ удаагийн тэмцээнээс таван шинэ аварга төрлөө. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-д Б.Мөнхнар, 55 кг-д Б.Отгонтуяа, 59 кг-д Т.Алтжин, эрэгтэйчүүдийн 74 кг-д Б.Батбаяр, 86 кг-д Н.Батбилгүүн УАШТ-д анх удаа түрүүллээ.

Энэ жилийн тэмцээнийг олон улсын зэрэглэлтэй 20, улсын зэрэглэлтэй 14 шүүгч дэнслэн явуулсан бөгөөд тэдний нэг олон улсын шүүгч С.Чинбат 29 жил үргэлжилсэн шүүгчийн замналаа өндөрлүүлж, өнөө жилийн УАШТ-д сүүлийн удаа шүгэл үлээлээ. Тэрбээр алтан дэвжээндээ хүндэтгэл үзүүлэн мөргөж, өөрийн шавь Л.Ганзоригт шүглээ гардуулан өгсөн юм. Түүний хувьд дөрвөн ДАШТ, 11 ААШТ, олон улсын 30 гаруй тэмцээнд шүүгчээр ажиллаж, шүглээ үлээсэн билээ.

УАШТ-д түрүүлсэн тамирчид 2025 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхээ авч байна. 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.192.193)