Ө.Сувдаа: “Хүлээж биш хүрч үйлчилье” уриатай ХАБЭА-н бүсчилсэн сургалт, зөвлөгөөнийг хийж байна
Г.Отгонжаргал
“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээ улс орон даяар үргэлжилж байгаа билээ. Уг арга хэмжээ орон нутагт хэрхэн өрнөж буй талаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, ХАБЭА-н зөвлөлийн дарга Ө.Сувдаатай ярилцлаа.
-Юуны өмнө манай уншигчдад Сэлэнгэ аймгийн ХАБЭА-н салбар зөвлөлийн үйл ажиллагааны талаар яриагаа эхлэх үү?
-Манай аймгийн салбар зөвлөл, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилт эхэлсэн анхны жил буюу 2009 оны 05 дугаар сарын 08-нд байгуулагдсан. 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тус зөвлөл энэ хугацаанд бүрэлдэхүүнээ гурван удаа шинэчилсэн.
Хамгийн сүүлд 2019 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үндэсний тав дахь хөтөлбөртэй холбоотойгоор бүрэлдэхүүнээ шинэчлээд байна.
Аймгийн ХАБЭА-н гурван талт салбар зөвлөл нь орон нутгийн засаг захиргааны бүх нэгжид буюу 17 сумын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн салбар зөвлөлийг тус бүр 5-9 хүний бүрэлдэхүүнтэйгээр нийт 162 гишүүдтэйгээр байгуулж удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна. Мөн төрийн болон төсөвт байгууллага, томоохон аж ахуйн нэгж байгууллагуудад ХАБЭА-н салбар зөвлөлийг байгуулж хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд удирдлага арга зүйгээр ханган ажиллаж байна.
-Салбар зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа онцлог ажил арга хэмжээ тэр дундаа бодлогын чиглэлийн баримт бичгээсээ дурдахгүй юу?
-Аймгийн салбар зөвлөлийн гол үйл ажиллагаа 2019 онд чуулсан үндэсний болон аймгийн чуулганы уриалга, зөвлөмж болон аймгийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад чиглэгдэж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний 5 дахь хөтөлбөрийн хэрэгжилтийг аймаг орон нутгийн нөхцөл байдалд зохицуулан үр нөлөөтэй хэрэгжүүлэх зорилгоор энэ чиглэлийн ажил арга хэмжээний өмнөх жилүүдийн байдалд хийсэн тандалт судалгаа, олны санаа оноо дүгнэлт эрэлт хүсэлтэд тулгуурлан “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн аймгийн дэд хөтөлбөр”-ийг боловсруулж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулсан.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн орон нутаг дахь тулгамдсан асуудлыг оновчтой шийдэж, гарч буй эрсдэл аюул ослыг тууштай бууруулан үндэсний болон аймгийн дэд хөтөлбөр, үндэсний болон аймгийн чуулганы шийдвэрийн хэрэгжилтийг үр нөлөөгөө өгсөн үйл ажиллагаагаар хангахаар аймгийн салбар зөвлөлөөс олон ажил арга хэмжээг зохион байгуулсан.
Жил бүр уламжлал болгон “Хүлээж биш хүрч үйлчилье” уриатайгаар ХАБЭА-н бүсчилсэн сургалт, зөвлөгөөн, хэлэлцүүлгийн арга хэмжээг зохион байгуулж хэвшүүллээ. Энэ нь аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч, ажилтан албан хаагчид, иргэдийн ХАБЭА-н тухай ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, хандлагыг өөрчлөхийг зорьж энэ үр дүндээ ч хүрсэн.
Аймагтаа “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах” журмыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 78 тоот тогтоолоор батлуулан гаргаж орон нутгийн түвшинд жил бүр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хийсэн ажил арга хэмжээ үр дүнг харгалзан шалгаруулдаг болоод байна.
Журмын дагуу “Аймгийн Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-аар 2017 онд Сайхан сумын “Цемент шохой” ХК, Сүхбаатар сумын “Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ, Мандал сумын “Сэлэнгэ Зүүнхараа” ОНӨААТҮГ, 2018 онд Мандал сумын Мод боловсруулах үйлдвэр, Ачааны вагон засварын депо, аймгийн “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК шалгарсан.
2016 оноос эхлэн жил бүр аймгийнхаа шилдэг ХАБЭА-н салбар зөвлөл, шилдэг ХАБЭА-н ажилтаныг шалгаруулах журмыг хэрэгжүүлж, үр бүтээлтэй, идэвх санаачлагатай ажилласан салбар зөвлөл, ажилтныг тодруулан урамшуулж хэвшээд байна.
Өнгөрсөн жилүүдэд Орхонтуул, Сайхан, Мандал, Орхон сумдын ХАБЭА-н зөвлөл бусдыг манлайлж, үлгэрлэн ажиллалаа. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлж, үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх ажилд амжилт үр дүн гаргасан 9 ажилтныг дээрх журмын дагуу шалгаруулсан. Мөн “Ажилтан бүр-ХАБЭА-н мэргэжилтэн” аяныг өрнүүлэн ажиллаж байна.
-Төрийн болоод хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтан албан хаагчид, ард иргэдэд хөдөлмөрийн аюулгүй байдлын үйл ажиллагааг төлөвшүүлэх чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна?
-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомж, үндэсний хөтөлбөрийг сурталчлах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сүүлийн дөрвөн жилийн хугацаанд нийт 382 аж ахуйн нэгж, байгууллагын 21 мянга гаруй ажилтан, албан хаагчдад сургалт, мэдээлэл хийсэн. 4878 иргэнд бүлгээр болон ганцаарчилсан хэлбэрээр зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Аян, өдөрлөг, хэлэлцүүлэг олон нийтийн арга хэмжээнд давхардсан тоогоор 21378 иргэдийг хамруулаад байна. Сумдын Засаг дарга нарт нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж, байгууллагуудад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг ХАБЭА-н тухай хуулийн 26-р зүйлд заасны дагуу хамтын гэрээ болон байгууллагынхаа төсөвт тусгуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулан ажиллах зөвлөмж хүргүүлж хэрэгжилтийг хангуулах үүднээс энэ арга хэмжээнд зарцуулах хөрөнгийг тухайн байгуулагын төсөв зардалд тусган санхүүжүүлж байх талаар зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж ажилласан нь зохих үр дүнгээ өглөө.
Тухайлбал уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй “Бороо-гоулд” ХХК, Дархан төмөрлөгийн Төмөртэй уурхай, “Болдтөмөр Ерөө гол” ХХК, “Шар нарс” ХХКомпаниуд жилд 2 удаа ажиллагсадаа нэгдсэн журмаар урьдчилсан сэргийлэх эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулан эмчилгээнд орох шаардлагатай ажиллагсдыг эмчлүүлж, эмчилгээний зардлыг ҮОМШӨ-өөс урьдчилан сэргийлэх зардлаас зарцуулан ажилладаг болсон.
Мөн төрийн болон төсөвт байгууллагууд ажилагсдаа эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулж төсвөөс нэг байгууллага дунджаар 5-10 сая төгрөгийг зарцуулж ажиллагсдын бие бялдрыг чийрэгжүүлэх танхим, клуб байгуулан идэвхтэй хөдөлгөөнд хамруулж хэвшлээ.
-Сэлэнгэ аймгийнхан жил бүр шилдэг ажил олгогч байгууллагуудаа шалгаруулдаг байх аа. Энэ шалгаруулалтад бас хөдөлмөрийн аюулгүй байдлыг харгалзаж үздэг байх?
-Тэгэлгүй яахав. Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг хэвшүүлэх, ажил олгогч болон ажилчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, хариуцлагажуулах зорилгоор 2013 оноос эхлэн жил бүрийн 4-р сард ХАБЭА-н сарын аяныг уламжлал болгон зохион байгуулж хэвшүүлсэн.
Энэ сарын аяныг аймаг, орон нутгийн түвшинд зохион байгуулдаг бөгөөд энэхүү арга хэмжээний үеэр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, тогтоомжийг олон нийтэд сурталчлах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогоос урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт хэлэлцүүлэг, үзүүлэх сургалтуудыг зохион байгуулах, ХАБЭА-н эрсдэл бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт, шалгалт хийх зэрэг олон ажил, арга хэмжээг зохион байгууллаа.
Мөн сумдын ХАБЭА-н салбар зөвлөлийн гишүүдийнхээ мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор нэгдсэн болон бүсчилсэн хэлбэрээр сургалт, зөвлөгөөн зохион байгуулж, ажлын тайлан, үр дүн болон сайн туршлагаа харилцан ярилцдаг уламжлал тогтсон. Үүний үр дүнд аж ахуйн нэгж, байгууллага дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилт сайжирч, ажилчдыг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил олгогч болон ажилчдын мэдлэг, ур чадвар дээшилж, үйлдвэрлэлийн осол, осолд дөхсөн тохиолдол багассан. Эрүүл аюулгүй ажлын байр олноор бий болоход эерэг нөлөө үзүүлж байна.
Мөн төлөвлөгөөт хяналт шалгалт, зөвлөн туслах ажлыг аймгийн Мэргэжлийн хяналтын газар, сумдын ХАБЭА-н салбар зөвлөлтэй хамтран жилд хоёроос доошгүй удаа зохион байгуулж байна.
Аймаг, сумдын ХАБЭА-н салбар зөвлөлүүд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулах арга хэмжээг жилийн ажлын төлөвлөгөөндөө тусган шаардлагатай санхүүжилтийг орон нутгийн ИТХ-аар шийдвэрлүүлэн ажиллаж 2016-2019 онд нийт 330 сая төгрөг жилд дунджаар 82 сая орчим төгрөгийн санхүүжилтийг үйл ажиллагаандаа зарцуулаад байна.
-Танай аймаг хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар томоохон чуулган зохион байгуулсан санагдаж байна. Энэ чуулганы талаарх мэдээллийг өгөхгүй юу?
-“Эрүүл, аюулгүй хөдөлмөрийн төлөө” аймгийн чуулганыг 2019 оны 11 дүгээр сард сумдын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөвлөлийн гишүүд 17 сумын аж ахуйн нэгж, байгууллага, аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан ХАБЭА-н ажилтнууд нийт 400 гаруй төлөөллийг оролцуулан зохион байгуулсан.
Энэ чуулганы зорилго Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн аймгийн бодлого үйл ажиллагаа орон нутгийн нөхцөл байдал, онцлог, ахуй амьдралын хэв шинж, зан заншилд тулгуурлахыг эрхэмлэж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, үндэсний болон аймгийн хөтөлбөр, үндэсний ХАБЭА-н чуулганы уриалга, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, түүнд чиглэсэн эерэг зан үйл, зөв хандлагыг төлөвшүүлэхийг эрхэм зорилгоо болгоход чиглэгдсэн.
Чуулганы төлөөлөгчдийг таван хэсэгт хуваагдаж “Сэлэнгэ энерго” ОНӨААТҮГ, “Алтан-тариа” ХХК, “Урсгал-ус” ХХК, УБТЗ-ын “Сүхбаатар Депо”, Сүхбаатар сум дахь “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг газруудын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагаатай танилцаж туршлага судалсан нь онол, дадлага хосолсон үр дүнтэй ажил болсон. Тус чуулган тэргүүн туршлага судлуулж, шинэ мэдлэг мэдээллийг олгосон чуулган болсныг тэмдэглэн хэлмээр байна.
Эх сурвалж: www.news24.mn