Үзэсгэлэнт Парис хотоор аялсан тэмдэглэл
Түүхэндээ “Нарны хаан” хэмээх хаантай, нийслэл нь нарны цацраг адил зохион байгуулалттай, нарлаг сайхан Франц улс руу аяны жолоо залахад минь нутгийн салхи бороо бид хоёрыг хамтад нь үдлээ. Шөнө орсон борооны үүл өглөө нар мандахтай зэрэгцэн нүүсээр тэртээд одно. Амьсгал дүүрэн чийгний үнэр. Өөрийн эрхгүй сэтгэл сэргэнэ. Үүлнээс асгардаг “үнэртэн” гэж андуурам борооны үнэрээр эх орноосоо үдүүлж үнэртний эх орон Францыг зорьж буй минь энэ.
Улаанбаатараас хөрш гүрний нийслэл Москва хотыг дайрч зорьсон газартаа хүрэх учиртай. Москва хотод бууж шалган нэвтрэхээр гаран Москва хотоос Парис хот руу явах нислэгтээ амжихад олгогдсон нэг цагийн хугацаа арай л чамлалтай. Москва хотын нисэх онгоцны буудалд гадаад иргэн хараад зүг чигээ олох тэмдэг тэмдэглэгээ Инчон хотын онгоцны буудалтай харьцуулбал тун ховор. Ямар ч модгүй нүцгэн тал газар тачирхан ургасан эмийн ургамал хаа нэг ёлтойж харагддагтай адил хааяа нэг явах зүгийг минь заасан тэмдэг үзэгдэхэд түүнийг даган будлин гүйсээр онгоцондоо хамраараа таслуулахын даваан дээр амжин суулаа.
Техник технологи хөгжиж онгоцны доор байрлах камерын тусламжтайгаар нисэн өнгөрч буй газар нутаг, хот, улсыг харах боломжтой болно гэж тэртээ 1946 онд анхны иргэний агаарын тээврээр зорчиж явсан монголчууд зүүдлээ ч үгүй биз.
Нар хэвийх үед онгоц Парис хотын Руасси - Шарль-де-Голль нисэх онгоцны буудал руу ойртож эхлэв. Хотыг дээрээс нь харахад алдарт “Ялалтын хаалга” хотын төв цэг болж түүнээс эхлэн бусад барилгууд нарны цацраг адил цацарч баригдсан нь нүдэнд содон. Парис хотын түүхт хуучны барилга байгууламжууд зөвхөн нэг талдаа, өндөр орчин үеийн барилгууд нь нөгөө талдаа эмх цэгцтэй байрласан нь Улаанбаатар хотын өндөр, нам барилгууд “Чи цаашаа, би наашаа” хэмээн шамбааралдан оршдгоос ихээхэн ялгаатай. Хуучны намхан барилгууд дунд Эйфелийн цамхаг ганцаараа шовойх нь ихэмсэг агаад дэндүү эрхэм нандин аж.
Дээхэн үед ганцаараа аялж буй хүнд хамгийн хэрэгтэй зүйл луужин, газрын зураг байсан бол өдгөө хамгийн хэрэгтэй зүйл интернет, гар утасны байршил заагч болжээ. Захиалсан “Сент-Кристофэрийн буудал” гэх нэг өрөөнд олуулаа байрладаг дэн буудлынхаа хаягийг гар утасныхаа байршил заагчид оруулан зүг чигээ мэдэж аваад галт тэргэнд суулаа. Галт тэрэгний цонхоор харахад Парис хотын өндөр сүрлэг барилгууд харагдахгүй ч хуучны чамин байшин барилгуудын орой дөнгөж цухуйн харагдах нь гивлүүр зүүсэн нууцлаг гоо үзэсгэлэн мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Метроны буудлын хажууд барилгын зохион байгуулалт явагдаж энд тэнд бужигналдан, машин төхөөрөмж тачигнасан гудамж руу эргэхэд эндхийн бүх гудамжууд хоорондоо дэндүү шигүү эрээлжлэн байрлажээ. Эдгээр олон нарийн гудамж дундаас захиалсан буудлаа олж харахад бараг хориод давхар буудал байлаа. Гаднаасаа ихээхэн том харагдах буудал руу явж ороход жижигхэн квадратыг дээшээ сунгаад татчихаа юу даа гэмээр юм. Уг буудалд ихэвчлэн хямд үнээр аялж яваа залуучууд байрладаг учраас бужигнаан ихтэй. Өрөөндөө ороход орны маань дээд болон доод талын орон дээр хоёр америк залуу хэвтэж байлаа. Португали залуу, Герман охин, Америк хосууд гээд өрөөндөө нийт арвуулаа мөртлөө өрөө их нам гүм ажээ. Буудлаасаа гарч ирэхэд гудамжинд хүн бие засан зогсохыг хараад анх Парисыг сүрчиг үнэртсэн анхилуун цэцэгсийн хүрээлэн мэтээр төсөөлж байсан төсөөлөл минь үүл адил замхрах шиг болов. Энд тэнд ил задгай хаясан хогоос үмхий үнэртэж, нялх хүүхдээ тэргэнд суулган түрээд явж буй ээж нар хүүхдийнхээ дэргэд тамхи татан утаа баагиулж харагдана.
Парист олон үндэстний хоолны газар олон байдаг ажээ. Ингээд оройн хоолоо идэх цаг хэдийн болсон учраас буудлынхаа ойролцоох нэгэн энэтхэг зоогийн газарт орж үзэхээр шийдэв. Нэгэн байрны хамгийн доод давхарт байрлах шилгүй хаалгануудтай уг зоогийн газарт ороход тийм ч тохилог биш агаад цагаан дэлгэдэг ширээ, хуванцар сандал нь халтайж харагдах бөгөөд усаа хийсэн усны сав нь их бохир байлаа. Усныхаа савыг сольж өгөхийг зөөгчөөс хүсэхэд зэргэлдээ ширээнд суух Франц хүн бас шүүмжлэн уурлаж эхлэв. Харийн нутаг гэхээр л дутагдал үгүй сайхан газар байдаггүй ажээ. Хаа газар ямар нэгэн дутагдал байж л таараа.
“МӨНХИЙН ДӨЛ” БАДАМЛАСАН МӨНХИЙН ЯЛАЛТ
Онгоцоор доош харахад хамгийн түрүүнд үзэгдсэн байгууламж болох “Ялалтын хаалга”-аа үзэхээр өглөө 9 цагт буудлаасаа гарлаа. “Ялалтын хаалга" руу хурдан хугацаанд очихын тулд Парисын метронд анх удаа сууж үзэв. Парис хот дотроо метрогоор нэг газраас нөгөө газар руу явахад 2 евро байдаг. ТҮЦ машин руу зоосон мөнгө хийхэд хариуд нь жижигхэн метроны тасалбар гаргаж өгнө. Тасалбараа жижигхэн автомат хаалган дээр ирж шалгуулан хаалга онгойж цааш нэвтрэнгүүт хаалга ард тасхийн хаагддаг аж. Тасалбараа уншуулан хаалгаар гарахад ард дагаж явсан нэгэн залуу шалавхан хөдөлж хурдлан миний уншуулсан тасалбараар надтай хамт гарчихлаа. Метронд үнэгүй суух шалгарсан арга нь бололтой. Анхны юм бүхнийг хийж үзэхээс өмнө ямар нэгэн догдлол төсөөлөлтэй байдгийн адилаар Герман улсын нийслэл Берлин хотын метротой ижил цэвэрхэн, зохион байгуулалт сайтай болов уу гэж бодсон ч тийм биш байв. Парисын метро хамгаалалтын хаалгагүй юм байна.
Хорин минутын хугацаанд Наполеон жанжны Австерлитз дэх ялалтыг билэгдэж, 1806-1836 оны хооронд баригдсан “Ялалтын хаалга” дээр ирлээ. 200 гаруй жилийн турш уг байгууламжийг дахин шинэчлэх, сэргээн засварлах ажлууд олон хийгдэж байсан ч өнөөг хүртэл өөрийн өнгө төрхөө хадгалсан түүхийн чухал дурсгал хэвээрээ. Тавин метр өндөр, дөчин таван метр өргөн “Ялалтын хаалга”-ыг харах төдийд Парисын тухай өмнөх өдрийн таагүй сэтгэгдлүүд мартагдаж тайвшрах шиг болов. “Ялалтын хаалга”-ыг тойрсон дугуй хэлбэртэй машины зам байдаг учраас метроныхоо нүхээр газар доогуур явж “Ялалтын хаалга” дээр ирнэ. Францын хувьсгал болон Наполеоны дайны үед Францын төлөө тэмцэж нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн уг хаалгыг барьжээ. Анх “Ялалтын хаалга”-ны оронд заан барихаар яригдаж байсан ч засгийн газар нь Францын соёлтой холбогдохгүй хэмээн эсэргүүцэж энэхүү хаалгыг босгосон юмсанж. Наполеон даан ч уг хаалгыг өөрөө харж чадалгүй хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Ойртож очвол хаалганы гадна талд дайны үед амь насаа алдсан хүмүүсийн нэрсийг сийлсэн байв. Хаалганы суурин доор нь Дэлхийн 1-р дайны үед нас барсан нэр нь үл мэдэгдэх цэргийн шарил байдаг гэнэ. Уг хаалганы загварыг Ромын эзэнт гүрний үеийн Титус хаалганы загвараас санаа авч бүтээсэн гэдэг нь харагдах хийц загвараас нь тодхон илэрнэ.
“Ялалтын хаалга” руу орох тасалбар захиалаагүй учраас нэлээд урт цуваан дотор орж удаан хугацаанд хүлээсний эцэст тасалбар аван дотогш ороход хаалганы гадна талд сийлсэн нэрс дотроо ч мөн үргэлжилж байв. Мөн уг хаалганы түүхийг үзүүлсэн үзмэрүүд олон аж. “Ялалтын хаалга”-ны хамгийн дээд давхарт гарахад намхан хуучны барилгуудын дунд гарч ирэв. Эргэн тойрноо ажихад саарал болон ногоон өнгө хослон харагдаж нүд баясна. “Ялалтын хаалга”-ны эргэн тойронд буу барьсан цэрэг, цагдаа нар олон. Тэдгээр франц цагдаа нарын нэг дээр очин зургийг минь дарж өгөхийг хүсэхдээ уурлаж ундууцах болов уу гэж таамаглаж байтал яг л анд найз минь мэт уриалгахан зургийг минь дарж өглөө. “Франц хүн ямар эелдэг юм бэ” гэж тэр үед бодогдов. Ялалтын хаалга дотор “Мөнхийн дөл” асах нь бахархмаар бас бахадмаар. Францчууд дайнд ялсныхаа дараа бамбар асаасан бөгөөд тэр нь өнөөдрийг хүртэл унтраагүйгээр барахгүй би түүнийг нь хараад зогсож байна гэхээр өөрийн эрхгүй сэтгэл догдолно. “Мөнхийн дөл”-ийг өдөр бүр 6 цаг 30 минутад өрдөж галыг нь нэмдэг юм байна.
“Ялалтын хаалга”-аас гарч ирэхэд өнөө цагийн луужин болсон гар утасны цэнэг дууссан учраас Эйфелийн цамхаг руу ямар метронд сууж явахаа мэдэх боломжгүй болжээ. Ингээд Эйфелийн цамхаг харагдаж буй зүг рүү толгой мэдэн алхчихлаа. Ийнхүү 1 цаг 30 минут хэртэй хугацаанд алхаж явахдаа өдрийн Парисын жинхэнэ гоо үзэсгэлэнг үзэв. Эртний намхан барилгуудын цонхны тавцан дээр цэцэгсийг өнгө алаглуулан өрж, чулуун замын хажууд хуучны уурын машин, унадаг дугуйнуудыг тавьсан нь Эйфелийн цамхаг ойртож буйн дохио. Байшингуудын араас “Төмөр хатагтай” сүндэрлэн гарч ирэх нь нүд, тархи, оюун бодол, зүрх сэтгэлийг хэмжээлшгүй ихээр баясгана.
Эйфелийн цамхаг руу дөхөх тусам Эдит Пиафын “La Vie en Rose” дууны эгшиглэнт ая улам ойртож байлаа. “Төмөр хатагтай”-н хойд талд их бууны хэлбэртэй усан оргилуур олон. Сүхбаатарын талбайн дөрөвний гуравтай тэнцэхүйц том усан оргилуурын эргэн тойрон дахь хүмүүс бүгд аз жаргалтай инээд хөөртэй ажээ. Насанд хүрсэн хүмүүс ч жаргалтайгаар инээлдэн яг л бага насандаа оччихсон юм уу даа гэмээр үлгэрийн орон шиг сэтгэгдэл төрүүлнэ. Жонглёрын үзүүлбэр үзүүлж, баян хуур, аман хуур тоглож буй тэдгээр бүх хүмүүс ямар аз жаргалтай харагдсан гээч. Жижигхэн долгионтой буржгар үс, өндөр монхор хамар, доод зовхи нь үл ялиг унжиж харагдах том нүд, бомбогор уруул, өндөр нуруутай Франц охидыг дүрсэлбэл яг л Эдит Пиафын “Non, Je ne regrette rien” дуу шиг. Энэ дуун дээр тэднийг гунхалзан алхаж буйгаар төсөөлөхөд Франц бол үлгэрийн орон, охид нь харин үлгэрийн гүнж нар шиг санагдана.
Шилэн хашаагаар хашсан Эйфелийн цамхаг руу орох гэж бас л урт дараалалд зогсон 30 минут хүлээлээ. Эйфелийн цамхагийн доогуур урсах бяцхан горхины ус хоржигнон дуугарах нь таатай. Хашаа руу нь орсны дараа Эйфелийн цамхагт тулж ирэхэд дахиад л уртаас урт дараалал угтан авч 1 цаг 30 минут хүлээх хэрэг гарав. Наян нэгэн давхар байшинтай тэнцэх Эйфелийн цамхаг дэндүү сүрдмээр, дэндүү үзэсгэлэнтэй. Парис хотыг Эйфелийн цамхаггүйгээр төсөөлөхийн аргагүй.
Цамхаг нь жуулчдад зориулсан гурван давхартай бөгөөд нэг ба хоёрдугаар давхарт нь ресторан байрладаг бол гуравдугаар давхар нь 276 м-ийн өндөрт орших бөгөөд энэ нь гарч болох хамгийн дээд өндөрлөг юм. Удаан хүлээсний эцэст дээшээ гарах болж нэг ба хоёрдугаар давхар руу цахилгаан шатаар гарч болох байсан ч явган шатаар өгслөө. Нэг давхар хүртэл шатаар 20 минут алхахад эмэгтэй нь сарнай барьж ялдам инээмсэглэн, хөтлөлцөн явж буй хосууд үнэхээр хайр татам харагдана. Хоёр давхарт гарч ирэхэд “Төмөр хатагтай”-н гэрэл асаж шөнийн Эйфелийн цамхаг хайлсан шижир алт мэт шаргалтан гялтганах нь Парис хот тэр чигтээ шижир алтаар ундарч байх шиг.
Цамхаг баригдсан цагаасаа эхлээд гайхамшиг гэхээсээ илүү гай гамшиг мэт шүүмжлэлийн бай болж, зохиолч Ги де Моппассан цамхагт байрлах зоогийн газарт зочлонгоо цамхаг харагдахгүй ганц газар Парист үлдсэн нь энэ байна хэмээн Эйфелийн цамхагийг нүдэнд орсон хог мэт үздэг байсныг одоо бодоход дэндүү байж боломгүй санагдана. Цамхгийн шатаар өгсөж явахад Jay-Z болон Kanye West –ийн “Niggas in Paris” дуу улам дээш гарах хүслийг бадрааж, эрч хүч өгч байв. Цамхагийг босгохдоо жижиг хэсгүүдэд оньс, боолтуудыг ашигласан ба ямар ч гагнуур хэрэглэлгүй, бэхэлгээг нэг нэгээр нь холбож үдсэн гэхээр хэчнээн их хөдөлмөр шаардсан нь тодорхой. Эйфелийн цамхагийн өндөрлөг дээр гарч ирэхэд “Юу үүнээс илүү үзэсгэлэнтэй романтик байх юм бэ?” гэж бодогдон алмайран зогслоо. Энд ч мөн худалдан авалт явагдах юм. Хоёр евро гэдэг энгийн цэвэр ус Эйфелийн цамхаг дээр 4 евро 50 центээр худалдаалагдана. Монгол мөнгөөр бол 15000 төгрөгөөр нэг ус худалдаж авч байна гэсэн үг. Жилд 30 гаруй сая жуулчин ирдэг энэ хотын нэг ус ийм үнээр зарагдаж байна гэхээр бусад бүх аялал жуулчлалын байгууламжууд, үзвэр үйлчилгээ, музейгээсээ асар их ашиг олдог нь илэрхий. Эргэн тойрон дахь хосууд Эйфелийн цамхагийн гялтганаан дунд бие биенээ ширтэнхэн аз жаргалтай инээмсэглэнэ. Ай Парис... Шүлэг шиг тансаг, дуу шиг яруу, бүжиг шиг уярам үзэсгэлэнт хайр дурлалын хот Парис минь. Чи юутай тансаг, юутай сайхан бэ?