Австралиас ховор төрөл зүйлийн үлэг гүрвэлийн үлдэгдэл олжээ

Австралиас 110 сая жилийн өмнөх үед хамаарах шүдгүй үлэг гүрвэлийн үлдэгдэл олджээ. Элафрозаур хэмээх нэртэй уг үлэг гүрвэлийн нэрийн утга нь “хөнгөн хөлт гүрвэл” ажээ.

Таван сантиметр урт нугаламын ясыг 2015 онд Отвей хөндийн орчимд малтлага хийх үеэр олсон бөгөөд Австралиас Элафрозаурын үлдэгдэл анх удаа олдож буй нь энэ ажээ. Ясыг анх олох үед Птерозаур нэртэй нисдэг хэвлээр явагч амьтных гэж үзэж байжээ. Харин Мельбурн хотын “Swinburne” их сургуулийн палеонтологичид уг үлдэгдлийг нарийвчлан шинжилсний дүнд үлэг гүрвэлийнх гэдгийг тогтоожээ.

Элафрозаур нь урт хүзүүтэй бөгөөд урд хоёр хөл нь богинохон, хөнгөн, өндөр биетэй байсан гэж доктор Стефен Пропат ярьжээ. Олдсон яс ойролцоогоор хоёр метр орчим өндөр амьтных байжээ. Харин Танзани, Хятад, Аргентинаас олдсон Элафрозаур зургаа орчим метр өндөр байжээ. "Нас бие гүйцсэн Элафрозаурууд мах нэг их иддэггүй байсан байж магадгүй" гэж С.Пропат хэлжээ. 

“ABC News” сувгийн мэдээлснээр, Отвей хөндийгөөс өмнө нь олон арван амьтан, таван үлэг гүрвэлийн үлдэгдэл олдож байсан бөгөөд 2018 онд  өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн үлдэгдэл олдсон байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.108.99)