"Menstrual cup" буюу сарын тэмдгийн аягыг туршиж үзэх нь
Хог хаягдалгүй амьдрах арга ухааны талаарх цуврал нийтлэлийнхээ энэ удаагийн дугаарт байгаль орчинд ээлтэй ариун цэврийн хэрэглэл болох "сарын тэмдгийн аяга"-ны талаарх мэдээллийг хүргэж байна. Магадгүй та урд өмнө нь үүний талаар хаа нэгтэйгээс сонссон ч туршиж үзэхийг хүсээгүй, аль эсвэл яаж хэрэглэхийг нь ойлгоогүй бол танд энэхүү мэдээлэл тусална гэдэгт найдаж байна.
“MENSTRUAL CUP” БУЮУ САРЫН ТЭМДГИЙН АЯГА ГЭЖ ЮУ ВЭ?
Байгаль орчинд тулгамдаж буй нэн тэргүүний асуудал бол хог хаягдал. Эмэгтэйчүүд бидний сар бүр хэрэглээд хаядаг нэг удаагийн ариун цэврийн хэрэглэл нийт хог хаягдлын тодорхой хувийг эзэлдэг. Тэгвэл тэрхүү асуудлыг шийдвэрлэж хог хаягдлын хэмжээг бууруулах зорилгоор эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийг орлох сарын тэмдгийн аягыг бүтээсэн байна. Сарын тэмдгийн аягыг 20-р зууны эхэн үед эмэгтэйчүүдийн анхны ариун цэврийн хэрэглэл үүссэний дараа зохион бүтээсэн боловч дөнгөж 2000 оноос л эхлэн өргөн хүрээнд ашиглагдах болжээ.
ДАВУУ ТАЛУУД:
1. НЯН БАКТЕРИ ҮРЖИХГҮЙ
Сарын тэмдгийн аяга нь эмэгтэйчүүдийн хамгийн өргөн ашигладаг нэг удаагийн ариун цэврийн хэрэгсэлтэй харьцуулбал нян бактери үрждэггүй, хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй силикон материалаар хийгддэг байна.
2. БАЙГАЛЬ ОРЧИНД НЭЭЛТТЭЙ
Зөвхөн АНУ-ын эмэгтэйчүүд жилд 5.8 тэрбум ширхэг тампон худалдаж авдаг бөгөөд ихэнх ариун цэврийн хэрэглэл хуванцар материалаар хийгдсэн байдаг. Энэ нь байгальд 200-500 жилийн дараа шингэнэ гэсэн үг юм. Харин сарын тэмдгийн аяга хэрэглэж хэвшсэнээр ахуйн хаягдлаа бууруулж, нэг удаагийн хэрэглээг багасгаж чадна.
3. ЭДИЙН ЗАСАГТ ХЭМНЭЛТТЭЙ
Сарын тэмдэг ирэх бүрд 4'000₮-8'000₮-өөр ариун цэврийн хэрэглэл худалдан авдаг гэж үзвэл жилд дунджаар 72'000 гаруй төгрөгийг ариун цэврийн хэрэглэлд зарцуулдаг болж таарах нь. Тэгвэл сарын тэмдгийн аяга нь чанараасаа хамаараад 3-10 жил ашиглагдах бүрэн боломжтой тул таны санхүүг ч хэмнэнэ. /Үнийн хувьд чанар, хэмжээ, брэнд зэргээсээ хамааран ялгаатай байна./
4. БИЕД ТУХТАЙ
Хэрэв зөв хэрэглэж чадвал аяганаас хальж асгарна гэж санаа зовохгүй байж болно. Мөн хэрэглээд сурчихвал бие тань маш чөлөөтэй, тухтай байх болно. 4-12 цаг хэрэглэсний дараа угаагаад дахин ашиглах боломжтой учир ойр ойрхон солино гэсэн асуудалгүй аж.
ХЭРЭГЛЭЖ ЭХЛЭХ ҮЕД АНХААРАХ ЗҮЙЛС
1. ХЭМЖЭЭГЭЭ ЗӨВ СОНГОХ
Сарын тэмдгийн аяга нь эмэгтэйчүүдийн биеийн онцлогоос шалтгаалан хэд хэдэн хэмжээтэйгээр үйлдвэрлэгддэг. Ихэнх брэндүүдэд S, M, L гэсэн гурван хэмжээтэй аяга бий. Сарын тэмдэг ямар хэмжээтэй ирдгээ тооцоолоод өөрт тохирсон зөв хэмжээг сонгоорой. Аль эсвэл их, бага янз бүр ирдэг бол том, жижиг хэмжээтэйг хоёуланг нь авбал тохиромжтой юм.
2. САЙТАР ЦЭВЭРЛЭЖ АРИУТГАХ
Аягыг хэрэглэж эхлэхээсээ өмнө болон сарын тэмдэг ирж дууссаны дараа буцалсан халуун усанд хийж нян, бактерийг нь устгаарай. Харин сарын тэмдгийн үеэр хэрэглэх явцад шингэн дүүрэх бүрд цэвэр усаар угааж хэрэглэнэ.
3. БОЛГООМЖТОЙ ХЭРЭГЛЭХ
Анх удаа хэрэглэхэд бага зэрэг эвгүй мэдрэмж төрж магадгүй тул аягаа хийх болон буцааж авах үедээ өөрт амар байдлаар, маш болгоомжтойгоор хэрэглээрэй. Дээрх зурагт үзүүлсэн зааврын дагуу хэрэглэх нь өвдөлт багатай гэгддэг. Мөн хэрэглэж сурах хүртлээ ариун цэврийн хэрэглэлийг давхар хэрэглэх нь зүйтэй. Ингэснээр шингэн хальж урсахаас сэргийлэх юм.
Дараах бичлэгээс хэрхэн хэрэглэх талаар үзээрэй.
4. ЗӨВЛӨГӨӨ АВАХ
Анх удаа хэрэглэж үзэх гэж байгаа бол эмэгтэйчүүдийн эмчээс эсвэл туршлагатай хүнээс зөвлөгөө аваарай. Учир нь танд ямар төрлийн аяга тохирох болон наснаасаа хамааран хэрэглэж болох үгүйг зайлшгүй мэдэх шаардлагатай шүү.