Я.Содбаатар: УБ хот халдварын голомтоо хумж чадвал бэлэн байдлын зэрэгт шилжинэ

Б. Оргил-Эрдэнэ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар гаргасан шийдвэрийг Шадар сайд, Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян нар нийтэд танилцууллаа. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-Аймаг хоорондын замыг нээх үү?

Я.Содбаатар: Аймаг хоорондын зорчих хөдөлгөөн өнөөдрийн мөрдөж буй зарчмаар явна. Голомтгүй бүсээс аймаг хооронд явах бол халуун хэмжиж, асуумж бөглүүлээд, халдвар хамгааллын дэглэм сахиулаад явуулж байгаа. Тиймээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотоос бусад газарт энэ дэглэмээр явна гэсэн үг. 

-Шинэ он гарсны дараа хөл хорионы дэглэмийг сулруулах, өөр арга хэлбэрээр хэрэгжүүлэх төлөвлөгөө бий юу?

Я.Содбаатар: Өвчний нөхцөл байдлаас шалтгаалаад ямар шийдвэр гарахыг хэлэх боломжгүй. Одоо бол ганц нийслэлд л бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоосон бөгөөд ирэх сарын 6 хүртэл үргэлжилнэ. Үүнийг сунгах эсэхийг өнөөдөр хэлэх боломжгүй бөгөөд ЭМЯ, мэргэжлийн эрдэмтдийн зөвлөл, эрсдэлийн үнэлгээ, ХӨСҮТ-ийн мэргэжлийн багийн дүгнэлтийг үндэслэж шийднэ.

Одоогоор мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт ирээгүй байна. Ер нь, хатуу хөл хорио тогтоох нь цар тахалтай тэмцэх олон улсын сайн туршлага. Өвчний голомтыг хумих зөв зураглал гаргах, нийтийн цар тахал болгохгүй байхын тулд энэ аргыг хэрэглэж байгаа. БНСУ, БНХАУ, Европын орнууд хөл хорио тогтоож, онц байдал зарлаж, цар тахалтай тэмцэж байгаа. Хэрвээ халдвар гайгүй болж, голомтоо хумьж чадвал бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, үйлдвэр үйлчилгээ, иргэдийн амьжиргааг дэмжих шийдвэр гаргана. Харин өвчин хүндрээд нийтийн дунд цар тахлын хэмжээнд хүрч, халдвар их хэмжээгээр тархах эрсдэлтэй байна гэж үзвэл хөл хориог цаг хугацаанд нь тогтоогоод явна. Энэ бол дэлхий нийтэд хэрэгжүүлж байгаа арга хэлбэр. Бүх нийтийн вакцинжуулалтыг хийсний дараа энэ арга хэлбэр өөрчлөгдөх байх.

-Эрүүл мэндийн яам бодит мэдээллийг ард түмэнд өгөөгүйгээс халдвар тархах нөхцөл байдал бий болгосон. Тухайлбал, оршуулгад оролцсон хүмүүс, цагдаа, нийтийн тээврийн жолооч зэрэг олон нийттэй харилцаж буй хүмүүсээс халдвар илэрснийг цаг тухайд нь мэдээлээгүйгээс халдвар тархах эрсдэлийг дагууллаа гэсэн шүүмжлэл гарч байна?

Т.Мөнхсайхан: Ингэж хүмүүст буруу ойлголт өгч болохгүй. Мэдээлэл нуун дарагдуулснаас болж халдвар авсан хүн огт байхгүй. Оршуулгад оролцсон хүмүүсийг олж, зохих арга хэмжээг хийсэн. Сэрэмжлүүлэх шаардлагатай бүх мэдээллийг иргэдэд өгч байгаа.

-Улсаас төсөв мөнгө гаргаж байгаа. Гэтэл хувийн эмнэлгүүдээс дайчлах эмч, ажилтнуудын хамгаалалтын хувцас, хэрэгслийг тухайн эмнэлэг гаргана гэсэн бичгийг НЭМГ-аас хувийн эмнэлгүүд рүү явуулсан байна?

Т.Мөнхсайхан: Хувийн хэвшлийн эмнэлгүүд өөрсдөө ажиллахдаа хамгаалах хувцас хэрэгслээ гаргах ёстой. ЭМЯ-наас гаргасан 20 тэрбум орчим төгрөгийг коронавирус илрүүлэх шинжилгээний бодис, хувцас хэрэгсэл, эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин урамшуулалд зарцуулсан. Тухайлбал, яг халдвартай хүмүүстэй харьцаж байгаа 275 хүнд тус бүр 5 сая төгрөгийн урамшуулал өгсөн. Ажлаа хийж байхдаа халдвар авсан эмч, эмнэлгийн 65 ажилтны ар гэрт дэмжлэг болгож тус бүр 5 сая төгрөгийн дэмжлэг олгосон. Харин тусгаарлах байранд, лабораторид ажиллаж байгаа, шинжилгээ авч байгаа 1800 хүнд тус бүр 800 мянган төгрөгийн тэтгэлэг өгсөн. Түүнчлэн 14 мянган эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн хөлсөнд 8.8 тэрбум төгрөг олгосон. Хувийн хэвшлийн эмнэлгүүд төрийн зохион байгуулж байгаа ажилд оролцох бол, түүнд шаардлагатай хамгаалах хувцас хэрэгслээс эхлээд санхүүжилтийг өгнө.

-Ард иргэдээ урт хугацаанд хөл хорионд байлгалаа. Үүний дараа эдийн засгаа хэрхэн сэргээх вэ. Өдөр ажиллаж мөнгө олоод орой хоолоо аваад харьдаг хүмүүсийн амьдрал зогсож байна?

Я.Содбаатар: Засгийн газар, УОК-ын барьж байгаа зарчим бол цар тахлыг эрсдэл багатай даван туулах юм. Юуны өмнө иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг чухалчлах бодлого баримталж байгаа. Халдвар гайгүй бол үйлдвэр, худалдаа үйлчилгээг хэвийн горимд ажиллуулах зорилготой байна. Харамсалтай нь халдварын нөхцөл байдал биднээс шалтгаалахгүйгээр хүрээ нь өргөсөх, тархалт нэмэгдэх талаар мэргэжлийн байгууллагын зөвлөмж ирвэл бид цаг алдалгүй зохих бодлогоо хэрэгжүүлнэ.

Энэ оны эхэнд эдийн засгаа хамгаалахын тулд хөл хорио тогтоохгүй явсан олон орон байсан. Тухайн орнуудад халдвар тархаж, иргэдийнхээ амь насыг ч, эдийн засгаа ч алдаж байгаа. Тиймээс өвчний тархалтыг хумих нь эдийн засагтаа ч үр өгөөжтэй. Манай улсад нийтийн цар тахал үүсвэл иргэдийн амьдралд маш хүнд тусна. Одоо алаг цоог байдлаар гарч байгаа үед нь өвчний голомтыг барих ёстой гэж мэргэжлийн хүмүүс зөвлөж байгаа. Бид халдварын голомтыг хумьж чадсан болон халдвар гараагүй газруудад үйлдвэр, худалдаа үйлчилгээг хэвийн горимд шилжүүлэх зорилготой байгаа. Тиймээс Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас бусад суманд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэр гаргасан. Энд хорьж, хязгаарлаж байгаа зүйл байхгүй.

-Улаанбаатар хотод бүх нийтийн хөл хорио тогтоосноос хойш 7 хоног болж байна. Энэ хугацаанд голомтыг хумих ажил хэдэн хувьтай байна вэ?

Т.Мөнхсайхан: Коронавирус бол амьсгал, агаар дуслын замаар халдварладаг цар тахал. Энэ ямар хэмжээнд тархаж байгааг магадлалын онолоор таамаглана. Түүнээс тэдэн хувиар хумиад байна гэж ярих боломжгүй.

Эх сурвалж: www.news24.mn

Сэтгэгдэл:
Таны IP: (18.224.62.142)