Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулах хуулийн төслийг өргөн мэдүүлнэ
Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулах талаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх болсон талаар ХНХЯ-наас мэдээлэв.
Тодруулбал, уг хуулийн төсөл болон дагалдах Хүүхдийн эрхийн тухай, Авто тээврийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын энэ сарын 20-ны хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд улмаар УИХ-д өргөн барихаар тогтсон байна.
Монгол Улсын нийт хүн амын 36.8 хувийг 18 хүртэлх насны хүүхэд эзэлж байгаа бөгөөд тэдний 35 хувь нь өсвөр насных байна. Хүүхдүүдэд хөгжлийн үйлчилгээ, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин хангалтгүй байгаа нь гэмт хэрэг зөрчил үйлдэх, холбогдох, гэрч хохирогч болох, цахим орчинд хүчирхийлэлд өртөх шалтгаан болж байна.
УИХ дээрх хуулийн төслийг баталснаар Хүүхдийн төлөө сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалт, хүүхдийн хөгжлийг дэмжих төсөл хөтөлбөрт олон нийтэд нээлттэй, хяналттай зарцуулах эрх зүйн орчин бүрдэх юм.