Ирэх сараас долоо хоногт нэг удаа тусгай нислэг үйлдэхээр төлөвлөж байна
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат, Ш.Адьшаа нар гадаад улсаас иргэдээ татан авчрах үйл явц, учирч буй бэрхшээлийн талаар асууж тодруулав.
Засгийн газар, Улсын онцгой комиссоос өнгөрсөн нэг жилийн хугацаанд 119 удаагийн тусгай үүргийн захиалгат нислэгээр нийт 28 359 иргэнээ татан авчээ. Өнөөдрийн байдлаар, манай улсад нийт 1659 халдварын тохиолдол бүртгэгдсэн. Нийт халдварын 75 хувь нь дотоод халдвар байна. Иймд дотоодын халдварын тархалт болон тусгаарлах байрны нөхцөл байдалтай холбоотойгоор гадаад улс оронд гацсан иргэдээ татан авч байна. Улаанбаатар хотод 39 тусгаарлах байр буюу зочид буудлын үйлчилгээ эрхэлдэг байгууллага байгаа. Одоогоор 31 тусгаарлах байранд дотоодын болон тусгай нислэгээр ирсэн иргэдээ тусгаарласан. Өнөөдрийн байдлаар 9 тусгаарлах байранд 800-1000 хүнийг хүлээн авах боломжтой байна. Ноднин 11 дүгээр сард үйлдэх байсан тусгай үүргийн 5 нислэг цуцлагдсан учраас энэ сард 3 удаагийн нислэг хийхээр төлөвлөсөн бөгөөд Сөүл-Улаанбаатарын чиглэлийн нислэгээр 160 гаруй иргэнээ татан авна. Хоёрдугаар сард татан авах ажлыг эрчимжүүлж долоо хоногт нэг удаа нислэг үйлдэж байхаар төлөвлөж байна.
Ингэвэл ирэх сард 800-1000 иргэнээ татан авах боломжтой болно.
Гол бэрхшээл тусгаарлах байртай холбоотой байдаг. Өвлийн улиралд зөвхөн зочид буудлыг л ашиглах боломжтой. Гэвч эрүүл ахуй, халдвар хамгаалал, хоол үйлдвэрлэл, харуул хамгаалалт зэрэг олон шаардлага хангахгүй байгаагаас халдвар алдах эрсдэл өндөр байна. Тусгаарлах байрны нэг өдрийн зардал нь 50 мянган төгрөг. Үүнээс өндөр бол иргэдэд санхүүгийн хүндрэл учруулдаг гэдгийг ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян хариултдаа онцлов.
Мөн ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг гишүүдийн асуултад хариулахдаа, “Гадаад харилцааны яамнаас ноднин 11 дүгээр сар хүртэл гадаадаас иргэдээ эрчимтэй татан авч, эх орондоо буцах хүсэлт гаргах иргэдийн тоо 2000-аас доош орсон байсан. Тухайн үеийн тусгай нислэгийн зорчигчийн дүүргэлт 70-80 хувьтай байсан.
Дотоодын халдвар тархсанаас хойш татан авах ажиллагааг зогсоосны улмаас буцах хүсэлтэй иргэдийн тоо нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 8612 болсон. Үүнээс хамгийн олон нь БНСУ-д гацсан 4968 иргэн байна.
Буцах хүсэлтэй иргэдийн шалтгааныг УОК-оос гаргасан таван шалгуураас гадна хүсэлт гаргасан огноогоор нь эрэмбэлж шийдвэрлэж байгаа.
Бүсээр нь ангилбал Европын улсуудад 550, Азид 6441, Америк болон Хойд Америк, Өмнөд Америкт 1478, Австралид 140, Африкт 3 иргэн байна. Санхүүгийн хүндрэлд орсон иргэдэд тусламж үзүүлж байгаа. 11 дүгээр сараас хойш “Иргэдэд туслах сан” болон НҮБ-тай хамтран 56 иргэнд 28 орчим сая төгрөгийн тийз болон тусгаарлах байрны төлбөрийн дэмжлэг олгосон. Өнөөдрийн байдлаар, “Иргэдэд туслах сан”-д өргөдлөө өгсөн 17 иргэн байгаа бөгөөд эдгээр өргөдлийг шийдвэрлэхэд 40 орчим сая төгрөг шаардлагатай. “Иргэдэд туслах сан”-д жил бүр улсын төсвөөс 240 орчим сая төгрөгийг төсөвлөдөг. УОК-т хүсэлт тавьсны дагуу иргэд, аж ахуйн нэгжээс өгсөн хандив тусламжаас ноднин наймдугаар сард 300 сая төгрөгийг “Иргэдэд туслах сан”-д авсан. Одоогоор 167 сая төгрөг үлдсэн байна. Ноднин гадаад, дотоод эх үүсвэрээс 800 иргэнд 3.1 тэрбум төгрөгийн тусламж, дэмжлэг олгоод байна” гэлээ.
Хүний эрхийг хамгаалах, зөрчлийг арилгах чиглэлд хэрхэн ажиллаж байгаа талаар тодруулсан гишүүдийн асуултад ХЭҮК-ын хоёр гишүүнийг томилж, УОК-той мэдээллийг тухай бүрт солилцож, шаардлагатай зөвлөгөөг өгч ажиллаж байна. Дотооддоо халдвар алдсанаас хойш ХЭҮК-т 88 гомдол ирснээс 47 нь зорчих эрх буюу эх орондоо буцах хүсэлттэй холбоотой байна. Гомдол мэдээллийг дагуу шалгах, мэдээлэл цуглуулах ажиллагааг хийсэн. Гадаадад байгаа Элчин сайдын яамдтай байнгын холбоотой ажиллаж, шаардлагатай зөвлөгөө, авах арга хэмжээний талаар саналаа солилцож ажиллаж байгааг ХЭҮК-ын гишүүн, даргын үүргийн түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан хариулт өгөв.
Хүний эрхийн дэд хорооны тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, С.Одонтуяа, Ш.Адьшаа, Б.Энхбаяр нар үг хэллээ. Гишүүд Үндсэн хуулиар олгосон иргэний эрхийг эдлүүлж, иргэдээ цаг алдалгүй татан авах, түүнд шаардлагатай санхүүжилт нэмэх шаардлагатай. Мөн цагдан хорих, баривчлах, түр саатуулах байр, сэтгэцийн эрүүл мэндийн төвд байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настнуудыг халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах хэрэгтэйг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа тогтоолын төсөлд “гадаадад байхдаа коронавируст халдварын шинжилгээ нь эерэг гарсан иргэнийг тухайн улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулах, улмаар эх орондоо ирэх боломжийг бүрдүүлэх бүхий л арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх” гэснийг нэмэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.
Ингээд Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг бүхэлд нь батлахыг Хүний эрхийн дэд хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжлээ.
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, баталгаатай хангуулах зорилгоор уг тогтоолын төсөлд,
- Гадаад улсаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан боловч нэн даруй тусгай үүргийн нислэгт хамруулах боломжгүй, өдөр тутмын орлого, орон байргүй болсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдэд хоол хүнс, түр байраар хангах, мөнгөн тусламж олгох асуудлыг судалж, шийдвэрлэх,
- Тусгаарлах байрны хүрэлцээ, тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэн эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг эрчимжүүлж, яаралтай татан авах, нислэг цуцалсан гэнэтийн шийдвэрээс үүдэн хохирсон иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх,
- Хорих анги, баривчлах, цагдан хорих, түр болон албадан саатуулах байр, сэтгэцийн эрүүл мэндийн төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхэд болон ахмадын асрамжийн газар, цэргийн анги, хилийн шалган нэвтрүүлэх боомт дахь түр саатуулах болон хамгаалах байранд халдвараас хамгаалах арга хэмжээ авах, халдвар гарсан тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөө, бэлэн байдлыг хангасан эсэхэд хяналт тавих,
- Гадаадад байхдаа коронавирусний халдварын шинжилгээ нь эерэг гарсан иргэнийг тухайн улсад эмнэлгийн тусламж, үйлчилгээнд хамруулах, улмаар эх орондоо ирэх боломжийг бүрдүүлэх бүхий л арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх,
- Хөл хорионы улмаас өдөр тутмын орлого нь тасарсан болон баримт бичиг, бүртгэлийн зөрчлийн улмаас шаардлагатай эмнэлгийн тусламж, үйлчилгээ, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа иргэдэд хүнс, ус, түлээ түлш, ариутгал, халдваргүйжүүлэлтийн хэрэгслээр хангах арга хэмжээ авах зэрэг хэд хэдэн арга хэмжээг шуурхай зохион байгуулах,
- Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиг үүрэг бүхий төрийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчдад үйл ажиллагаандаа хүний эрхийг хамгаалж, хангаж ажиллахыг үүрэг болгох,
- Тусгаарлах байрны хүрэлцээ, тусгай үүргийн нислэгийн тоог нэмэгдүүлэн эх орондоо буцах хүсэлтэй иргэдийг татан авах ажлыг эрчимжүүлж, яаралтай татан авах, нислэг цуцалсан гэнэтийн шийдвэрээс үүдэн хохирсон иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн арга хэмжээг шуурхай авч ажиллахыг Засгийн газарт чиглэл болгохоор тогтлоо.