Банкны тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр нарын зургаан гишүүнээс 2020 оны наймдугаар сарын 20-нд өргөн мэдүүлсэн Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн хэлэлцлээ.
Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын багийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцуулсны дараа УИХ-ын гишүүн Б.Жавхлан асуулт асууж, хариулт авсан.
Ингээд хуулийн төслийн талаар Ажлын багаас гаргасан зарчмын зөрүүтэй саналын хоёр томьёоллоор санал хураав. Тухайлбал, хуулийн төслийн 6 дугаар зүйлийг “Энэ хуулийг 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжсэн санал буюу төслийн 73 дугаар зүйлийн “73.1.10 дахь заалтыг 73.1.11” гэж “73.1.11 дэх заалтыг 73.1.10” гэж өөрчлөн найруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ.
Иймд уг хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.
Мөн хуралдаанаар, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын баг шинэчлэн байгуулав. Уг Ажлын багийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулах саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дэмжив.