Шадар сайд, хотын дарга нар БНХАУ-ын "Синофарм" вакцин тариулав
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нар "Синофарм" вакцин өнөөдөр тариулав.
БНХАУ-д үйлдвэрлэсэн коронавирусний эсрэг "Синофарм" вакциныг Шадар сайдын хамтаар Улсын хоёрдугаар эмнэлэгт тариулсан тухай Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар өөрийн албан ёсны цахим хуудсандаа мэдээлжээ.
Монгол Улсад дархлаажуулах ажил өнгөрсөн сарын 23-наас эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 26 мянган иргэн хамрагдаад байна. Өчигдрөөс дархлаажуулах ажлыг өргөтгөн дүүрэг бүрт 10-15, нийслэлийн хэмжээнд 85 цэг ажиллуулахаар болсон. Хуваарийн дагуу өнөөдрөөс худалдаа, үйлчилгээний салбарынхан, энэ сарын 11-нээс боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчид гэх зэргээр төлөвлөгөөний дагуу иргэдийг вакцинд хамруулах юм.
Ташрамд дурдахад, манай улс ОХУ-ын "Спутник-V", БНХАУ-ын "Синофарм", Оксфордын их сургуулийн "Асртазенека", АНУ, Германы хамтарсан "Файзер" вакциныг эмийн бүртгэлдээ авсан юм. Одоогоор ДЭМБ-аас "Астразенека" болон "Файзер" вакцинд онцгой нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл олгоод байгаа юм. "Спутник-V", "Синофарм" вакцинд ДЭМБ-аас энэ сард багтаан зөвшөөрөл олгоно гэсэн хүлээлттэй байна.