Залуусыг хөдөлмөрт бэлтгэх тэтгэлэгт хөтөлбөрийг баталлаа
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, “Залуусыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталлаа. Хөтөлбөрийн хүрээнд энэ жил 5000 залууг сургаж, ажилтай, орлоготой болоход нь дэмжлэг болох юм.
Төслийн хүрээнд явуулах багц сургалт нь нэг сарын хугацаатай. Сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, 18-34 насны, мянган хүнийг сар бүр сонгон шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургах юм.
Төслийн талаарх мэдээ, мэдээллийг бүртгэл эхлэхээс 10, түүнээс багагүй хоногийн өмнө зарлан мэдээлнэ. Залуус тухайн үед нь цахимаар болон өөрсдөө очиж бүртгүүлэх боломжтой. Бүртгэлийг аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс хариуцах юм.
Бүртгэх, ярилцлага хийх, сонгон шалгаруулахтай холбоотой удирдамжийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга батална. Сонгон шалгаруулалт, цар тахлын шинжилгээ, эрүүл мэндийн бусад үзлэгт тэнцсэн залуусыг нэгдсэн цэгээс багц сургалт хийх байранд хүргэнэ. Мөн орон нутгийн залууст унааны зардал олгохоор төлөвлөжээ.
Төсөл нь залууст эрүүл, эртэч амьдралын идэвхтэй хэв маяг, ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх хэлбэрээр ажилтай, орлоготой болоход нь дэмжлэг болох зорилготой. Энэ хүрээнд өөрийгөө танин мэдэх, зөв дадал хэвшил, харилцаа хандлага, эх оронч үзэл санааг ойлгуулж, бие бялдрын зөв хүмүүжил, гэр бүлийн эерэг харилцаа, соёл төлөвшүүлэхэд чиглэсэн багц сургалт явуулна.
Мөн ажил хөдөлмөрт бэлтгэх, ажлын ачаалал зэргийг даван туулах чадавхад сургах, хүн бүрийн онцлогт тохирсон ажил, мэргэжлийн зөвлөгөө өгч, хөдөлмөр эрхлэх хувийн төлөвлөгөө гаргахад нь туслах юм.
Энэ жил шаардагдах 11 тэрбум 800 гаруй сая төгрөгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын батлагдсан төсвийн багцад зохицуулж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан санхүүжүүлнэ.
Төсөлд хамрагдсан залуусыг нэг жилийн хугацаанд тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн Нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгохоор төлөвлөлөө. Үүнд шаардах хөрөнгийг 2022 оноос эхлэн жил бүрийн улсын төсөвт тусгаж байх аж.
Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг гүйцэтгэхээр шалгарсан аж ахуйн нэгж, байгууллагатай гэрээ хийхдээ залуусыг ажилтай болгох талаар тусгаж байхыг төсвийн бүх ерөнхийлөн захирагчид даалгалаа.
Нийт хүн амын 31, хөдөлмөрийн насны иргэдийн 46 хувийг 15-34 насны залуус эзэлдэг. Улсын хэмжээнд ажилгүй байгаа 92 мянга гаруй хүний 51 хувь нь буюу 47 орчим мянга нь 18-34 насныхан гэсэн статистик мэдээ гарчээ.