Шинэ нисэх буудал ажиллаж эхлэх бэлтгэлийг хангах үүрэг өгөв
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар, тавдугаар сарын 1-нээс агаарын хил нээх бэлтгэл хангаж, ирэх, явах зорчигчдыг вакцин хийлгэсэн эсэхэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэм, журмыг тодорхой болгохыг холбогдох албаныханд даалгалаа.
Энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс буюу “Чингис хаан” олон улсын нисэх буудал ажиллаж эхлэхээс өмнө хилийн хяналтын байгууллагууд, агаарын тээврийн компаниудыг нүүлгэн шилжүүлэх, шинэ нисэх буудлын барилга байгууламж, ажлын бэлэн байдлыг хангахыг үүрэг болгов.
Товч мэдээ:
- “Дархан арьс, ширний цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 30 орчим хувьтай байна. 2024 онд ашиглалтад орсноор жилд 10 сая ширхэг арьс, шир, 10 мянган тн ноос болон тодорхой хэмжээний ноолуур, желатин үйлдвэрлэх 14 үйлдвэр ажиллаж, 2,500 орчим ажлын байр бий болно. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 148 сая ам.долларын борлуулалт хийх тооцоо гарчээ.
- Бүгд Найрамдах Польш Улсын хөнгөлөлттэй зээлээр Сэлэнгэ, Ховд, Хэнтий, Өмнөговь, Говь-Алтай аймагт төмс, хүнсний ногооны иж бүрэн болон хагас автомат, нийт 8,500 тн багтаамжтай долоон агуулах барихаар төлөвлөжээ. Улсын хэмжээнд 220 гаруй мянган тн багтаамжтай 10 гаруй мянган зоорь, агуулах бүртгэлтэй байна.