Б.Буянтогтох: Хөнгөн өвдсөн хүн бүрийг гэрт нь эмчилнэ гэж ойлгож болохгүй
Коронавирусний халдвараар хөнгөн өвдсөн иргэдийг гэрээр тусгаарлан эмчлэх журам өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн талаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, бодлого хэрэгжилтийн газрын дарга Б.Буянтогтох мэдээллээ.
ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тэрбээр мэдээлэхдээ, хөнгөн өвчтөнийг гэрээр тусгаарлан эмчлэх журмыг өмнө нь баталсан байсныг дурдаад өнгөрсөн хугацаанд халдвартай хүн бүрийг эмнэлэгт тусгаарлаж, судалгаа хийснийг онцоллоо. Нийт батлагдсан тохиолдлын 80-90 хувь нь хөнгөн хэлбэртэй байгаа бөгөөд 10-14 хоног эмчлэхэд эмнэлзүйн шинж тэмдэг нь хэрхэн өөрчлөгдөж байгаа талаар нарийн судалгаатай болжээ. Цөөн тохиолдол нь хүндэрч Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ-д шилжжээ. Иймд хөнгөн өвдсөн иргэнийг өөрийнх нь хүсэлтээр гэрээр эмчлэх боломжтой бөгөөд журамд гурван шалгуур тусгажээ. Тодруулбал, өвчтөний гэр, ахуйн орчин нөхцөлийг үнэлж, гэрээр эмчлэх, хянах, зөвшөөрлийн хуудас бөглүүлэн, хяналтад байгаа өвчтөн өөрийгөө хянах боломжтой байх үзүүлэлтийг харгалзан шийдвэрлэх аж.
Гэхдээ хөнгөн өвдсөн хүн бүрийг гэрт нь эмчилнэ гэж ойлгож болохгүй гэдгийг мэдээллийн үеэр тодотгов. Тухайлбал, гэртээ олуулаа байдаг, өндөр настай болон бага насны хүүхэдтэй зэрэг тохиолдолд шалгуурт багтахгүй гэдгийг тэмдэглэв.
Өнөөдрийн байдлаар, Яармагийн 300 орчтой эмнэлэгт хөнгөн өвдсөн 1000 гаруй иргэнийг эдгээж гаргаад байгаа аж.