ЕАБХАБ-ын урьдчилсан судалгааны багийнхантай цахимаар уулзав

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг ажиглах Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институт, хүний эрхийн албаны урьдчилсан судалгааны багийн төлөөлөгчидтэй энэ сарын 24-нд цахим уулзалт зохион байгууллаа.

Урьдчилсан судалгааны баг сонгуулийн өмнө сонгууль ажиглалтын цар хүрээг тодорхойлох, сонгууль ажиглах хорооны ажлыг төлөвлөдөг бөгөөд энэхүү багийн тайлан, дүгнэлтэд үндэслэн сонгууль ажиглах эсэх, ажигласан тохиолдолд илгээх ажиглагчдын тоо, багийн бүрэлдэхүүнтэй холбоотой шийдвэр гаргадаг байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулийн урьдчилсан судалгааны багт тус Албаны ахлах зөвлөх Ана Русу, зөвлөх Кеара Касталдо нар багтаж байна.

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн бэлтгэл, КОВИД-19-ийн үед сонгуулийг хэрхэн зохион байгуулах болон хууль тогтоомжийн онцлог зохицуулалтын талаар мэдээлэл өгч, судалгааны багийн сонирхсон асуултад хариулан, цаашид хамтран ажиллахаар тохиролцлоо.  

Ташрамд дурдахад, Монгол Улс 2012 онд ЕАБХАБ-ын 57 дахь бүрэн эрхт гишүүн орон болсон бөгөөд ЕАБХАБ-ын бүх үүрэг амлалтууд, үүний дотор ардчилсан сонгуультай холбоотой амлалтуудыг биелүүлэх үүрэг хүлээсэн билээ. Ардчилсан институт, хүний эрхийн алба нь ЕАБХАБ-ын гишүүн орнууд, Европын Парламент болон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн төлөөлөгчөөс бүрдсэн 300-400 ажиглагчийг 2013, 2016, 2017 онд Монгол Улс руу илгээж, Ерөнхийлөгчийн болон УИХ-ын ээлжит сонгуулийг ажиглуулж байв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.63.148)