Б.Батцэцэг: Хилийн чанадад байгаа монгол иргэдээ дархлаажуулах хүсэлтээ тавьсан

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар, Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлын улмаас гадаадад гацсан иргэдийг эх орондоо ирэх нөхцөлөөр хангах, бодитоор дэмжиж буй талаарх мэдээллийг Гадаад харилцааны сайд Б.Батцэцгийн танилцуулгыг сонслоо. 

Цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх явцад хүний эрх, эрх чөлөө, ялангуяа эх орондоо буцаж ирэх эрхийг баталгаажуулах зорилгоор ГХЯ Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа Засгийн газарт хүргүүлсэн гэдгийг мэдээллийнхээ эхэнд Б.Батцэцэг сайд дурдсан. Энэхүү саналын дагуу нутаг буцах хүсэлтэй иргэдэд тавьж байсан олон шалгуурыг хялбаршуулж, иргэдийг татан авах төлөвлөгөө, хуваарийн талаар санал боловсруулах, гадаад улстай дипломат шугмаар тохиролцох, эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг үе шаттайгаар татан авах ажиллагааг шуурхай зохион байгуулах, тусгай үүргийн нислэг цуцлагдсан тохиолдолд байр, хоол, зайлшгүй шаардлагатай бусад хэрэгцээг хангах мөнгөн тусламж олгох зэрэг асуудлыг зохицуулсан хэмээв.

Өнөөдрийн байдлаар, 140 удаагийн тусгай нислэгээр 24 448, БНХАУ-ын хилийн боомтоор 4266, ОХУ-ын хилийн боомтоор 2454, гадаадын 93 орноос нийт 31 168 иргэнээ татан аваад байна.

Өнгөрсөн хугацаанд харилцаа, хамтын ажиллагааны бүхий л сувгийг ашиглан Америк, Австрали, Казахстан, Энэтхэг, Турк,  Чех, Унгар, Лаос, Филиппин рүү агаарын шинэ чиглэл нээж, нислэг үйлдэх зөвшөөрлийг дипломат шугамаар авсан байна. Хилийн чанадаас нутаг буцах хүсэлтэй иргэдээ эх оронд нь ирүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилтын хүрээнд тусгаарлах хоногийг багасгаж, нислэгийн тоог нэмж, гадаадын агаарын тээврийн нислэгийг шат дараатай сэргээж байгааг тэрбээр мэдээлэлдээ дурдав. Ингэснээр яаралтай буцах хүсэлтэй бүх иргэнээ тавдугаар сарын 1 гэхэд эх оронд нь ирүүлэх боломжтой хэмээн тооцжээ. Түүнчлэн УОК-оос өгсөн үүргийн дагуу МИАТ компани нислэгийн тийзний үнээ гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 15 хувиар бууруулсан гэдгийг Гадаад харилцааны сайд мэдээллийн үеэр тэмдэглэж байлаа.

Монгол Улсын хилийг тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шат дараатайгаар нээх тул тусгай нислэгийг тавдугаар сараас зогсоож, тогтмол хуваарьт нислэг рүү шилжүүлэхээр төлөвлөсөн байна. Дөрөвдүгээр сард зарлагдсан тусгай  нислэгээр ирэх иргэд тийзээ шууд худалдан авах энгийн горимд шилжиж байгаа аж.

Хилийн чандад байгаа монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, дэлхий өнцөг булан бүрээс иргэдээ татан авах ажлыг зохион байгуулах, тэдэнд дэмжлэг туслалцаа олгоход ГХЯ-наас ДТГ-ын ажлыг чиглүүлэн ажиллаж байгааг тэмдэглэв.

Цар тахлын үед нийт 5254 иргэний визийг сунгуулж, 272 иргэнийг 792 орчим сая төгрөгийн визийн торгууль, төлбөрөөс чөлөөлсөн гэх мэдээллийг ДТГ-уудаас ирүүлсэн байна.

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангаас 2020 онд 432 иргэнд 360.9 сая төгрөг, 2021 оны эхний улиралд 46 иргэний нислэгийн тийз болон тусгаарлах байрны зардалд нийтдээ 97 сая төгрөгийн дэмжлэг олгоод байгаа аж. Түүнчлэн НҮБ-ын Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагатай тогтоосон хамтын ажиллагааны үр дүнд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Бүгд Найрамдах Чех Улс, Европын холбоо зэрэг хандивлагчдын дэмжлэгтэйгээр 2020 оны дөрөвдүгээр сараас 2021 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 941 монгол иргэний тийзний үнэ, тусгаарлах байрны зардалд 3.5 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг олгожээ. Хилийн чандад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн жил бүрийн зарцуулалтыг “шилэн” болгож, тайлан мэдээг Засгийн газрын болон ГХЯ-ны цахим хуудсанд байршуулан, олон нийтэд нээлттэй танилцуулдаг болсон байна.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу УОК-т иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас цугларсан хандивын хөрөнгөнөөс 300 сая төгрөгийг цар тахлын улмаас гадаадад гацаж, санхүүгийн хүндрэлд орсон, нутаг буцах боломжгүй иргэдэд зориулан Хилийн чандад байгаа Монгол Улсын иргэдэд туслах санд төвлөрүүлсөн байна. Тус сангийн энэхүү нэмэлт санхүүжилтээс 201 иргэний тусгаарлах байрны зардал болон бусад төрлийн дэмжлэг олгоход 195.4 сая төгрөгийг зарцуулж, одоо 104.5 сая төгрөгийн үлдэгдэлтэй байгаа аж. Мөн НҮБ-ын Олон улсын шилжилт, хөдөлгөөний байгууллагатай санхүүгийн нэмэлт эх үүсвэр бий болгох чиглэлээр хамтран ажиллаж байгаа юм байна. Түүнчлэн 27 улсад ажилладаг, монголчуудын 130 гаруй төрийн бус байгууллага, холбоодыг нэгтгэсэн Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийг ГХЯ байгуулагдсан цагаас нь дэмжиж, хамтарч ажиллаж ирсэн. Мөн “Дэлхийн монголчууд” хөтөлбөрийн хүрээнд олон ажлыг хамтран хэрэгжүүлж байгааг дурдав. Цаашид ГХЯ-наас хилийн чанад дахь монгол иргэдэд байнга дэмжлэг болж ажиллана гэдгийг Б.Батцэцэг сайд мэдээллийнхээ төгсгөлд тэмдэглэлээ.

 

Дээрх мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Тогтохсүрэн, Т.Доржханд, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, С.Одонтуяа, Д.Ганбат, Б.Баярсайхан, Н.Ганибал, Б.Дэлгэрсайхан, Б.Пүрэвдорж нар асуулт асууж, Гадаад харилцааны сайд, Эрүүл мэндийн сайд, Шадар сайд болон албаны бусад хүмүүсээс хариулт, мэдээлэл авсан.

Гадаадад байгаа иргэдээ татан авахын зэрэгцээ дотоодод дэгдээд буй халдварын тархалтыг сааруулж, дархлаажуулах ажлыг эрчимжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх асуултад Б.Батцэцэг сайд хариулт өгсөн. Манай улс 2021 оны хоёрдугаар 22-ны байдлаар БНЭУ-аас 150 мянган тун “АстраЗенека” вакциныг буцалтгүй тусламжаар, БНХАУ-аас 300 мянган тун “Синофарм”-ын вакциныг, хоёрдугаар 27-ны өдөр 10 мянган тун ОХУ-ын “Спутник-V” вакцин хүлээн авсан байна. Мөн гуравдугаар сарын 12-ны өдөр КОВАКС хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжийн 114 400 тун “Астразенека” вакциныг авсан бол 2021 оны гуравдугаар сарын 24-ний өдөр “Файзер”-ын 27 450 тун вакциныг аваад байгаа юм. КОВАКС хөтөлбөрийн хүрээнд 600 мянган иргэнийг дархлаажуулах буюу 1.2 сая тун вакциныг үе шаттайгаар, үнэ төлбөргүй олгох бөгөөд нэмэлт эх үүсвэрийг бий болгох чиглэлд холбогдох талууд эрчимтэй ажиллаж байгааг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариултдаа онцолсон. Мөн 1.5 сая тун “Файзер” вакцин, нэг сая тун “Спутник-V”  вакцин, 900 мянган тун “Синофарм” вакциныг арилжааны шугамаар авахаар яриа хэлцэл явуулж байгааг дуулгав. ОХУ, БНХАУ-тай тохирлцсон тул дөрөвдүгээр сарын эхээр “Спутник-V”  вакциныг авах бол “Синофарм” вакциныг гурван үе шаттайгаар дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс татан авахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.

Коронавирусийн мутацид орсон хувилбарын талаарх асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариулахдаа, одоогоор манай улсад энэ төрлийн халдвар бүртгэгдээгүй байгаа бөгөөд шинжилгээний лабораторийг дөрөвдүгээр сард ашиглалтад оруулахаар бэлтгэл ханган ажиллаж байгааг тэмдэглэв.

Дотоодын халдварын нөхцөл байдлаас үүдэн иргэдийн хөл хөдөлгөөн, зарим төрлийн үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хумих, хязгаарлах шаардлагатай гэдэг саналыг зарим гишүүд дэвшүүлж байв. Шадар сайд С.Амарсайхан, “Цаашид ч халдварын тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Хатуу хөл хорио тогтоох тохиолдолд урьдчилан мэдэгдэнэ гэсэн зохицуулалтын дагуу дөрөвдүгээр сарын 5-нд хатуу хөл хорио тогтоох асуудал хөндөгдөж байгаа. Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдана. Эрсдэлтэй зарим үйл ажиллагааг хязгаарлах асуудлыг хэлэлцэнэ, товлосон хугацаа хүртэл халдварын тоо буурахгүй, нэмэгдсээр байх тохиолдолд хатуу хөл хорио тогтооно гэдгийг олон нийтэд урьдчилан мэдээлсэн байгаа” хэмээв. Тэрээр, "Орон нутгийн зорчигч тээвэр, ачаа эргэлт, ханган нийтүүлэлтээс бусад бүх хөдөлгөөнд хязгаарлалт хийгээд байгаа бөгөөд цаашид аймаг, орон нутгууд шаардлагатай үедээ хэсэгчилсэн хязгаарлалт хийгээд явна. Улаанбаатар хотод ч шаардлагатай тохиолдолд хэсэгчилсэн хязгаарлалт хийх магадлалтай” хэмээв.

Гадаад улс орнууд дахь ДТГ-ууд тухайн улс оронд байгаа Монгол Улсын иргэдэд туслалцаа, дэмжлэг болох чиглэлд хангалтгүй ажилласан гэдэг шүүмжлэлийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа тодотгоод, “Бодит тусламжийн хэмжээ бага байгааг анхаарч, дахин 300 сая төгрөгийг нэмж төсөвлөх нь зүйтэй” гэдэг санал гаргав.

Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн санхүүг нэмэх төлөвлөгөөний талаар Т.Доржханд гишүүн тодруулж, хариулт авав. Мөн тэрбээр гадаад улс оронд зөвшөөрөлтэй болон хууль бусаар хөдөлмөр эрхэлж байгаа иргэд цар тахлын дараа эдийн засаг сэргэх үйл явцад оролцох бололцоог бүрдүүлэх үүднээс одооноос тухайн байгаа улс оронд нь шинжилгээнд хамруулах, вакцинжуулахад ДТГ-уудаараа дамжуулан анхаарал хандуулах нь зүйтэй гэдэг саналыг тодотгож байсан. Гадаад улс оронд ажиллаж, амьдарч байгаа Монгол Улсын иргэдийг вакцинд хамруулах хүсэлтээ бүх ДТГ-уудаараа дамжуулан тавьсан байгааг Б.Батцэцэг сайд мэдээлэв.

УИХ-ын гишүүд цар тахлын дотоодын нөхцөл байдал, халдварын тархалтын нөхцөл байдалтай холбогдуулан нийслэл, орон нутаг дахь эрүүл мэндийн үйлчилгээ, вакцинжуулалт, шинжилгээний тоног төхөөрөмжийн хүрэлцээ, нэг удаагийн хувцас, хэрэглэлийн хүртээмж, хангамжийн талаар санал хэлж, тодруулга хийсэн юм.

Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа УИХ-ын гишүүн Т.Доржханд үг хэлэв. Иргэдийг татан авах ажлыг эрчимжүүлэх, гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдэд үзүүлэх дэмжлэгийг нэмэх, Хилийн чандад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн санхүүжилтийг нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарах шаардлага байгаа гээд холбогдох саналуудыг хэлсэн. Гадаад улсад ажил хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэд 2019 оны байдлаар 561 сая ам.доллар буюу ДНБ-ий 4 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг шилжүүлсэн байгаа, 2004 онд энэ дүн ДНБ-ий 10 хувьтай ч тэнцэж байсан тохиолдол бий гэдэг баримтыг тэрбээр дурдав. Уул уурхайн орлого ДНБ-ий 25 хувийг эзэлдэг гэхээр 4 хувь бол бага үзүүлэлт биш гэдгийг хаа хаанаа анхаарах ёстой гэдгийг тайлбарласан. Улс орны эдийн засагт энэ хэмжээний оролцоотой тэдгээр иргэдийнхээ асуудалд анхаарч, эрх ашгийг нь хамгаалах чиглэлд анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэдгийг сануулав. Нөгөөтэйгүүр, гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч байгаа иргэдээ мэдлэг, туршлагын цөм гэдгийг анхаарч, нийгэм дэх оролцоог нь хангах чиглэлээр бодитой арга хэмжээ авах ёстой гэдэг байр суурь илэрхийлсэн. Үүгээр УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан өндөрлөв.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.106.7)