Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын ээлжит бус цахим уулзалтад оролцлоо

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа нар дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентчдын форумын ээлжит бус цахим уулзалтад өнөөдөр оролцож үг хэлэв.

Цахим уулзалтад Ази, Номхон далайн бүс нутаг дахь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, вирусний төрлүүд, вакцины хүрэлцээ хангамж, эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх нөлөө зэрэг асуудлыг хэлэлцэж байна. Энэ онд хоёр дахь удаагаа цахимаар болж байгаа бөгөөд дараагийн чуулга уулзалтыг Монгол Улсын парламент зохион байгуулах юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ Монгол Улс дахь КОВИД-19 цар тахлын нөхцөл байдал, вакцинжуулалт, УИХ-аас батлан хэрэгжүүлж буй Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, хуулийн биелэлтийг хянах, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны үйл ажиллагаа, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний талаар товч мэдээлэл өгөв.

Тэрбээр Монгол Улс 5 төрлийн 1 сая 450 мянга 640 тун вакцин татан авч, хүн амаа вакцинжуулах ажлыг энэ оны хоёрдугаар сарын 23-наас эхлүүлсэн. Улсын хэмжээнд эхний тунд 678.2 мянга, давтан тунд 212.3 мянга, нийт 890.6 мянган хүнийг хамруулж, вакцинжуулаад байна.

Энэ нь хамрагдвал зохих зорилтот бүлгийн нийт хүн амын 32.8 хувийг эзэлж байгаа бөгөөд энэ оны зургадугаар сарын 30 гэхэд нийт хүн амынхаа 60 хувийг вакцинжуулах зорилттой ажиллаж байна гэв. 

УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгийнхээ төгсгөлд цар тахлын эсрэг тэмцэлд даян дэлхийн эв нэгдлийг бэхжүүлэх, шинжлэх ухааны мэдлэгээ харилцан хуваалцах, олон талт хамтын ажиллагааг дэмжих, цар тахлын улмаас учирч буй хохирлыг барагдуулах, эдийн засгийг сэргээх талаар хамтран ажиллахыг дэлхийн улс орнуудын парламентын гишүүдэд хандан уриалав.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хэлсэн үгэндээ дэлхий нийтийг хамарсан коронавируст цар тахлаас сэргийлэх, хор хөнөөлийг багасгах, хэрхэн даван туулах зэрэг глобал асуудалд улс орнуудын парламентчдын анхаарлыг хандуулж, үүссэн болон ирээдүйд учруулж болох эрсдэлийн нөхцөл байдлыг хамтаараа үнэлэн цэгнэж байгаад талархаж байна. Цаашид дэлхий нийтийн хүчин чармайлтыг аюулт вирустэй тэмцэх үйл ажиллагаанд чиглүүлэх, бие биенээ дэмжих зорилготой ийм хурлыг тогтмол зохион байгуулж, асуудлыг хамтаараа хэлэлцэн зөвшилцөж байх нь чухал юм гэж онцлон тэмдэглэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.45.25)