Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Ерөнхий сайдад захидал илгээв

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингхийг хүлээн авч уулзав.

Уулзалтаар КОВИД-19 цар тахлын үеэрх хамтын ажиллагаа болон хоёр талын харилцааны бусад асуудлаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Энэтхэг Улсад цар тахлын нөхцөл байдал хүндэрч, аюулт өвчний улмаас олон хүн амиа алдаж байгаад харамсаж буйгаа илэрхийллээ. Хүнд хэцүү энэ цаг үед Монгол Улсын Засгийн газар болон Монголын ард түмэн оюун санааны хөрш Энэтхэгийн ард түмэнтэй зүрх сэтгэлээрээ хамт байгаа гэдгийг илэрхийлж, БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Модид захидал бичсэнээ Элчин сайдад өгч, уламжлан илгээхийг хүсэв.

Мөн анхны 150 мянган тун КОВИД-19-ийн эсрэг вакциныг буцалтгүй тусламжаар Стратегийн түнш БНЭУ-аас Монгол Улсад олгосонд талархаж байгаагаа дахин илэрхийлж, Монголын олон зуун иргэд Энэтхэгийн ард түмэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байж, зарим нь тусламжийн аян өрнүүлж эхлээд байгааг тэмдэглэв. Энэ бүхэн Монгол, Энэтхэгийн найрамдал нөхөрлөл хэчнээн бат бэхийг харуулж байгаа бөгөөд манай хоёр орны ард түмэн энэхүү хүнд сорилтыг хамтдаа даван туулна гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Элчин сайд М.П.Сингх Ерөнхий сайдад талархал илэрхийлээд Энэтхэгийн ард түмэнд халуун сэтгэлийн дэмжлэгийн үг илгээснийг олон мянган энэтхэг хүн харсан. Өнөөдөр ч олон зуун хүний сайхан сэтгэлийг мэдэрч байгаа гэв. Цар тахлын нөхцөлд байгаа ч стратегийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй томоохон төслүүд, Газрын тосны боловсруулах үйлдвэр байгуулах, нүүрс тээвэрлэх талаар хийгдсэн яриа хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэх ажил тасалдалгүй үргэлжилнэ гэдэгт талууд санал нэгдэв гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.110.150)