Ерөнхийлөгчийн сонгуульд НЭР ДЭВШИГЧИД тодорлоо
Хууль ёсоор Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өчигдөр шөнийн 00 цагт албан ёсоор тодрох учиртай. Тиймээс энэхүү хуулийн дагуу хоёр хуваагдаад байгаа АН-ын О.Цогтгэрэл даргатай бүлэглэлээс Н.Алтанхуяг, М.Тулгат даргатай бүлэглэлээс С.Эрдэнэ тодорсон бол МАН-аас Ерөнхий сайд асан МАН-ын дарга У.Хүрэлсүх өрсөлдөхөөр боллоо.
Харин гуравдагч хүчний орон зайд байгаа “Зөв хүн-Электорат” эвслээс УИХ-ын гишүүн асан Д.Энхбат, эмч Б.Болдсайхан, УИХ-ын гишүүн асан, нийтлэлч Б.Батбаяр нар эвсэл дотроо өрсөлдөж УИХ-ын гишүүн асан Д.Энхбат олонхийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо.
У.ХҮРЭЛСҮХ 100 ХУВИЙН САНАЛААР НЭР ДЭВШИХЭЭР БОЛЛОО
МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр цахимаар хуралдаж, Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших нэр дэвшигчийн асуудлыг хэлэлцсэн. Улмаар тус намын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээр болсон. Харин дараа нь үргэлжлүүлэн тус намын Бага хурал мөн цахимаар хуралдаж, дотоод журмаа батлан нэр дэвшигчээ тодрууллаа. Ингээд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас тус намын дарга У.Хүрэлсүх Бага хуралд оролцсон 261 хүний 100 хувийн саналаар нэр дэвших эрхтэй боллоо. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 6-ны өдөр Сонгуулийн ерөнхий хороо эцсийн байдлаар батламжилснаар нэр дэвшигчид тодрох юм.
С.ЭРДЭНЭ, Н.АЛТАНХУЯГ НАРЫН ЭЦСИЙН ШИЙДВЭРИЙГ СЕХ ГАРГАНА
М.Тулгат даргатай АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд намынхаа дотоод сонгуульд ялалт байгуулсан С.Эрдэнийг нэр дэвшигчээр батламжлах цахим хурал өчигдөр боллоо. Ардчилсан намын дарга М.Тулгат энэ үеэр хэлсэн үгэндээ “Нэр дэвшигчээр тодорсон С.Эрдэнэ танд удахгүй болох сонгуульд амжилт гаргахыг хүсэж, Ардчилсан Ерөнхийлөгчийн буухиаг үргэлжлүүлэхийг хүсэе. Ардчилсан нам дахин шинэчлэгдэх амаргүй зам дээр ирж байна...” гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ "Надад итгэл хүлээлгэсэн та бүхэндээ баярлалаа. Өндөр үүрэг, хариуцлага оноож байгаад баярлалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдох аваас хүний эрхийг дээдэлсэн ардчилсан Ерөнхийлөгч байх болно. Ерөнхийлөгчийн сунгаанд оролцож байгаагаа хариуцлага хүлээж байна гэж ойлгож байна. Бидний өмнө маш олон асуудал хуримтлагдсан. Тэдгээрийг хэрхэн яаж даван гарах вэ гэдэг нь чухал. Нийт иргэдийн нийгэм, эдийн засаг хийгээд хүндрэлтэй зүйлээс хэрхэн яаж гаргах нь дараагийн шинэ Ерөнхийлөгчийн ажил байх болно" хэмээн ярилаа. Сонирхуулахад, О.Цогтгэрэл даргатай АН-аас УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг дотоод сонгуульд ялалт байгуулж, ҮБХ-ны гишүүдийн 97,6 хувийн саналаар нэр дэвшигчээр баталсан. Тухайн хоёр нэр дэвшигчийн эцсийн шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо гаргахаар болж байна. Өөрөөр хэлбэл энэ хоёр нэр дэвшигчийн аль нэгийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр батламжилах юм.
ХҮН-аас ТАВАН ХҮНД НЭР ДЭВШИХ САНАЛ ТАВЬСАН
“Зөв хүн-Электорат” энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаандаа албан ёсоор оролцох хүсэлтийг таван хүнд өгчөө. Ингэхдээ УИХ-ын гишүүн асан Д.Энхбат, эдийн засагч Д.Жаргалсайхан, Баабар буюу Б.Батбаяр, "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрхний мэс заслын их эмч Б.Болдсайхан, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нарт албан ёсоор санал тавьсан байна. Харин эдгээрээс Д.Энхбат, Б.Болдсайхан, Б.Батбаяр нар уг саналыг албан ёсоор хүлээж авсан юм.
ХҮН 2020 оны УИХ-ын сонуульд бусад намуудтай нэгдэн, “Зөв хүн-Электорат” эвсэл болон өрсөлдсөн. Тус эвслээс Т.Доржханд Хан-Уул дүүргээс сонгогдон УИХ-ын гишүүн болсон юм. Гэвч тус эвслийн гишүүд дунд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шаардлага буюу 50 нас хүрсэн байх ёстой гэсэн босгыг давах улстөрч байхгүй. Иймд тус эвсэл “Ерөнхийлөгчөө сонгоё” аяныг нээлттэй зарлан, иргэдээс хэнийг Ерөнхийлөгч болгох хүсэлтэй байгааг асуусан юм. Санал асуулгад эдийн засагч, нийтлэлч Д.Жаргалсайхан, УИХ-ын гишүүн асан Д.Энхбат, зүрхний эмч Д.Болдсайхан, нийтлэлч, УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр (Баабар) нар хамгийн их санал авсан байна. Эцэст нь УИХ-ын гишүүн асан Д.Энхбат олонхийн саналаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр боллоо.