АХБ: Монголд өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжигч, итгэлтэй түнш байж ирэв

Монгол Улс АХБ-нд гишүүнээр элссэний 30 жилийн ой энэ онд тохиож байна. Тэмдэглэлт ойд зориулан бүтэн жилийн турш цуврал арга хэмжээг зохион байгуулж байна. АХБ, Эдийн засгийн сэтгүүлч, шинжээчдийн клубтэй хамтран “COVID"-ийн дараах шинэ эхлэл” сэдвээр сэтгүүлзүйн шилдэг бүтээлийн уралдааныг зарласан. Уралдаанд хэвлэмэл, цахим болон видео ангиллаар нийт 40 бүтээл ирснээс бүтээлч, шинэлэг байдал, хөндсөн сэдвийн ач холбогдол, судалгааны үнэн бодит байдал, мэргэжлийн хэм хэмжээг баримталсан, уншигч, үзэгч, сонсогчдод үзүүлэх нөлөөлөл гэсэн шалгуурт нийцүүлэн нийт бүтээлийг шүүжээ.  Уралдааны “Шилдэг нөлөөллийн шагнал”-ыг мэдээллийн "Tand.mn" сайтын хамт олон “КОВИД-ын оношлуураар “эерэг” гарсан Монголын боловсрол” цуврал нийтлэлээрээ хүртлээ.  

Уралдааны “Шилдэг санаачилгын шагнал”-ын эзнээр “Asian Mining” сэтгүүлийн сэтгүүлч Г.Байгаль шалгарсан бол тусгай байрт үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, "Өдрийн сонин"-ы сэтгүүлч Г.Батзориг нар шалгарлаа.

 

Уралдааны шагнал гардуулах ёслол цахимаар болж,  АХБ-ны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Павит Рамачандран оролцон хэлэхдээ, “Сүүлийн 30 жилд Монгол Улсад өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжиж, итгэлтэй түнш нь байж ирсэндээ бид баяртай байна. Энэхүү тэмдэглэлт ой бидэнд 30 жилийн хамтын ажиллагааны түүхээ эргэн харж, ололт амжилтаа бататган, хуримтлуулсан туршлага, сургамжаа хуваалцан, цаашдын түншлэлийн зорилгоо тодорхойлох боломжийг олгож байгаа юм. 

Монгол Улсад тогтвортой, хүртээмжтэй хөгжлийг цогцлооход дэмжлэг үзүүлэх эрмэлзэл, хүчин чармайлтаа бид эдгээр үйл ажиллагаагаар дамжуулан бататгах болно. Хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн хамтын ажиллагаа, үзэл бодлын индэр ямар хэрэгтэйг бид хамтдаа харж байна. Бүтээлүүд өндөр түвшинд бичигдсэн, баримт судалгаатай байсан учраас шалгаруулахад хэцүү байлаа” хэмээв.

 

Павит Рамачандран: Сүүлийн 30 жилд Монгол Улсад өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийг дэмжин итгэлтэй түнш нь байсандаа баяртай байна.

 

АХБ анх ЗХУ-ын тусламж, дэмжлэггүй болсноор улсын төсвийн 30 хувиа алдаад байсан 1990 оны эхэн үеийн Монгол Улсад 31 сая ам.долларын санхүүжилт олгож байв. Улмаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр, санхүүжилт нэмэгдэж, эрчим хүч, харилцаа холбоо, тээвэр зэрэг салбараас гадна чадавхжуулах төслүүд эхлүүлж ирэв. 1995 онд 89 сая ам.доллар байсан санхүүжилтийн хэмжээ 2010 онд 110 сая, 2020 онд 390 сая ам.доллар хүрч өсжээ. Ялангуяа, цар тахал тархсан өнгөрсөн жил эрүүл мэндийн салбарыг чадавхжуулах, тоног төхөөрөмжөөр хангахаас гадна нийгмийн эмзэг бүлгийг дэмжихэд тус банкны санхүүжилт чухал үүрэг гүйцэтгэсээр байна. 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.242.240)