Монгол хонины ноосоор хийсэн бордоог Европт экспортолж байна

Үндэсний үйлдвэрлэгч "Монпеллетс" компани хонины ноосоор 100 хувийн органик бордоо үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлээд зогсохгүй Европын орнуудад гаргаж байна. Энэ талаар тус компанийн гүйцэтгэх захирал Б.Цогбадрах хэлэхдээ, "Анх бид Европын холбоо болон Герман улсын Засгийн газартай хамтран, өөрсдийн санхүүжилтээр хонины ноосноос бордоо гаргах судалгааг эхлүүлсэн. 10 жилийн хөдөлмөрийн үр дүнд сайн чанарын бордоо бэлэн болсон" гэдгийг онцолж байна. Тэрээр судалгаа, туршилтад ихэнх хугацааг зарцуулж, Германы туршилтын үйлдвэр рүү явуулж шинжлүүлэхэд азотын найрлага өндөр, сайн чанарын бордоо гарсан нь батлагдснаар Монголд үйлдвэрээ барьжээ. 

2018 оны намар үйлдвэрээ ашиглалтад оруулж, 2019 оноос бүтээгдэхүүнээ экспортлох зөвшөөрөл авснаар өнгөрсөн оноос эхлэн Герман улсад гаргаж байна. Харин дотооддоо малчид, газар тариалан эрхлэгчид, хүнсний ногоо тариалж буй иргэд, ААН, хоршоодтой хамтран ажиллаж эхэлжээ. Ус хэрэглэхгүй буюу ноосыг угаахгүйгээр боловсруулан шахаж гаргасан химийн найрлагагүй оргинак бордоог Турк улсад экспортлохоор хамтран ажиллаж байна. Франц, Их Британи зэрэг Европын бусад улс орноос бордооныхоо загвар, бүтээгдэхүүнийг ирүүлэх хүсэлт тавьжээ. Эдний бүтээгдэхүүн нь Швейцарт төвтэй Органик газар тариалангийн институтэд Монгол Улсаас албан ёсоор бүртгүүлсэн цорын ганц органик бүтээгдэхүүн болоод байна.

 

Түүнчилэн мөн дотоодын үйлдвэрлэгч "Эко-Ноос" ХХК хонины ноосоор дулаалгын материал үйлдвэрлэж Япон улсад экспортолж байна. Тодруулбал, эднийх монгол хонины ноосны сийрэг, дулаан хадгалах чанарыг нь ашиглан өндөр чанартай барилгын дулаалга материал үйлдвэрлэж эхэлжээ. Тус компани Хөгжлийн банкнаас ЖДҮ-ийг сэргээн хөгжүүлэх төслийн хүрээнд 6.4 тэрбум төгрөгийн санхүүжилт авчээ.  Үүний үр дүнд монголчууд дотооддоо хортон шавжнаас хамгаалдсан, дулаан тусгаарлах өндөр чадвартай, дуу чимээ тусгаарлах чадамжтай барилгын дулаалгын материал үйлдвэрлэж, дотоодынхоо хэрэгцээг хангаж эхэлсэн төдийгүй Япон улс руу экспортолж байна. Тус компанийн "Хаан ноос" нэртэй дулаалгын материал Японы зах зээлд эрэлт ихтэй байгаа аж. Учир нь Япон орон чийглэг уур амьсгалтай. Хонины ноос дотроо хөндий, сийрэг. Тиймээс салхи нэвтрэхдээ сайн  учир чийгтэхгүй,  дулааныг удаан  хадгалдаг давуу талтай аж. 

Мөн нано технологиор баяжуулснаар галд шатдаггүй, амархан ялзардаггүй, хорхой шавж үрждэггүй зэрэг давуу талтай байна. Хонины ноосны хялгасаар үйлдвэрлэсэн барилгын материал нь экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдэг утгаараа эрүүл мэндийн шаардлагыг хангахын зэрэгцээ, дулаан хадгалалтаараа ч бусад материалаас давуу талтайг япончууд хэдийнэ судлан тогтоожээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.23.92.64)